
УИХ-ын гишүүн, “бандааш” гэх хочтой болоод буй Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорын байгууллагаас харьяалал тогтоон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Уг хэргийг шалгаж буй мөрдөгч нар прокурорын байгууллагад хүсэлт тавьсан тухай НПГ-ын эх сурвалжууд мэдээллээ. “АТГ хуулиар харьяалуулсан авлига, албан тушаалын хэрэг шалгахад мэргэшсэн мөрдөгчидтэй. Бусдыг хүчирхийлсэн гэх үйлдэлтэй, цагдаагийн байгууллагын харьяаллын хэргийг шалгахад туслалцаа авах үүднээс хуульд нийцүүлэн тус байгууллагаас мөрдөгч ажиллуулах шаардлагатай” гэсэн утгатай албан тоот манайд ирүүлсэн” хэмээн тэд мэдээлсэн юм. Прокурорын байгууллагаас үүнийг нь судлан МБА-ны Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөгч томилон ажлын хэсэг байгуулан шалгуулах талаар ярилцаж буй гэнэ.
АТГ-ынхан Д.Гантулгыг УИХ-ын гишүүнийхээ эрх мэдлийг ашиглан хэрэгт нөлөөлж, шинжээчдийн дүгнэлтийг өөрт ашигтайгаар гаргуулсан байж болзошгүй гэх хэргийг нь шалгаж тайлбар мэдүүлэг авч эхэлсэн юм.