
“Монгол ньюс” группийн “Өнөөдөр”, “Таван цагариг” сонин байгуулагдсан цагаасаа хойш олимпод сурвалжлагчаа илгээн, хүн төрөлхтний эв нэгдлийн баярын торгон мөч, тамирчдынхаа ялалт, ялагдлын сэтгэл догдлуулсан агшнийг сониныхоо хуудсаар дамжуулан уншигчдадаа хүргэсээр өдий хүрсэн. Бид өдгөө өвөл, зуны 10 олимпыг сурвалжлан, 10 сэтгүүлчээ илгээсэн буухиаг “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Э.Харцага үргэлжлүүлнэ. Олимпод сурвалжлагчаар анх удаа ажиллах гэж буй тэрбээр “Пёнчан-2018”-ыг гэрэл зургийн хальснаа мөнхлөхөөр болсон нь энэ. Э.Харцага маань ийнхүү олимпын тэнгэрт “дүүлж”, уран хурц хараа, нарийн мэдрэмжээрээ буулгасан зургаараа уншигчдынхаа мэлмийг баясгах нь. Оюутны ширээнээс амьдралын далайд хөл тавьсан цагаасаа хойш сониндоо 17 дахь жилээ ажиллаж буй тэрбээр 2010, 2014 оны Азийн наадмыг сурвалжилсан туршлагатай.
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” гэгддэг БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн шалгаруулалтад шилдэг 10-т багтан, гэрэл зургийн төрөлд манлайлсан тэрбээр гэрэл зургийн 10 гаруй уралдааны түрүүтэй. Э.Харцагатай хамт манай улсын хэвлэл мэдээллийнхнийг төлөөлөн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, гэрэл зурагчин Ч.Ганбат нар Пёнчаныг зорино.