
УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эргүүлэн татах болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан хуульч О.Алтангэрэл, Д.Миеэгомбо, Б.Жавхлант, Р.Мөнхзул нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний гаргасан гомдлыг цэц шийдвэрлэж эхэлсэн бөгөөд Б.Наранхүү гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой гомдлыг цэц өнгөрөгч баасан гарагт хэлэлцээд маргаан үүсгэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар хуульч Д.Миеэгомбо “Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан уг маргааныг хянан хэлэлцсэн. Хуралдаан болохоос бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил орчим хугацаа өнгөрсөн Н.Жанцанг өмнө сольж өгнө үү гэсэн хүсэлтээ цэцийн даргад гаргасан боловч түүнийг солиогүй. Мөн УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй худалдааны харилцаанд орсон, асуудалд хувийн ашиг сонирхлоор хандсан байж болзошгүй гэж үзсэн. Гэвч энэ хүнийг солиогүйгээр барахгүй Н.Жанцан гишүүн биднийг утсаар дарамталсан. Иймд бид дараагийн шатанд асуудлыг тавих болно.” гэв.
Мөн О.Алтангэрэл хуульч ярихдаа "Үндсэн хуулийн цэцээр маргаан, хянан шийдвэрлэх дотоод процесс нууц хэвээр байна. Сүүлдээ гаргасан өргөдөл ямар хүн дээр хуваарилагдсан талаарх мэдээлэл ч олдохоо байлаа. Үүнийгээ дотоод журамдаа өөрчлөлт оруулсан гэх шалтгаан хэлдэг болсон. Цэц өнөөдөр улстөрөөс бүрэн хамааралтайн дээр гишүүд нь улстөрийн төгсгөлийн карьераа хийдэг газар болсон байна" гэв.