
БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Work line with us” компанийн ерөнхийлөгч Ким Ду Хонтой ярилцлаа. Тус компани Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй.
-Танай компани хэзээнээс гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох болов. Хэчнээн төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн бэ?
-Манай компани БНСУ-д ажиллаж буй монголчуудын цалин, иргэний хэрэг, үйлдвэрийн осолтой холбоотой асуудлыг шийдэж туслах ашгийн бус үйл ажиллагаа 2005 оноос явуулж байна. Энэ хүрээнд монгол хүмүүст тулгарсан асуудлуудыг шийдвэрлэхэд хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжиж ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдол жилээс жилд ихсэж, гэр хороололыг хүрээ тэлж буйг шийдвэрлэхийн тулд манай компани дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж буй. Одоогоор энэ чиглэлээр хоёр төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Баянзүрх дүүргийн VIII, XVI хорооны нутагт байрлах гэр хорооллын 30.3 га талбайд “Баганат өргөө” компани 5000 айлын орон сууц барьж байна. Манай компани уг төсөлд хөрөнгө оруулж байгаа. Хан-Уул дүүргийн IX хорооны иргэд санаачилгаараа нэгдэж “Нарлаг Буянт-Ухаа” компани байгуулан, 26 га талбайг дахин төлөвлөж, 2500 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлэх болсонд бид хөрөнгө оруулахаар бэлтгэж байна. Цаашид энэ мэт олон төсөлд хөрөнгө оруулах боломжтой. Өндөр үнэтэй барилга барьж ашиг олох сонирхол бидэнд байхгүй. Улаанбаатар хотыг утаанаас салгахын тулд гэр хороололд амьдардаг иргэдийг орон сууцаар хангах зорилготой.
-Хөрөнгө оруулалтын таатай орчин Монголд бүрдэж үү. Тулгарч буй хамгийн бэрхшээлтэй асуудал юу байна вэ?
-Бид энэ ажлаа хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулах таатай орчин нөхцөл бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийж байна. Гэр хорооллыг барилгажуулж, орон сууцжуулах төсөлд манай компани хөрөнгө оруулахад бэлэн. Харин Монголын талаас хөрөнгө оруулалтыг хүлээж авахад бэлэн биш байна. “Зүгээр л төслөө хэрэгжүүлэхэд юу нь болохгүй байгаа юм бэ” гэж хүмүүс хэлж магадгүй. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд биднийг хөрөнгө оруулахад Монголын Засгийн газар, нийслэлийн ЗДТГ олон талаар дэмжиж байгаа. Гэхдээ оруулсан хөрөнгөө эрсдэлгүйгээр эргүүлж татахад баталгаа гаргах боломжгүй. Бидний барьсан орон сууц 100 хувь борлогдвол асуудал үүсэхгүй. Гэтэл тогтсон хугацаанд амжиж борлогдохгүй бол бид хөрөнгөө эргэлтэд оруулж, дахин санхүүжилт хийж, цаашлаад гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд гацаа үүсэх эрсдэлтэй.
-Баталгаа гаргах байгууллага олдохгүй, эрсдэлээс сэргийлэх өөр арга замгүй бол хөрөнгө оруулахгүй гэсэн үг үү?
-Үүнийг шийдэхээр ажиллаж байна. Мон-голын Засгийн газар, нийслэлийн ЗДТГ баталгаа гаргах боломжгүй учир бид даатгалын компанид хандсан. Тодруулбал, “Монгол даатгал” компаниар дамжуулан ХБНГУ-ын “Hannover Re” давхар даатгалын компанитай хамтран ажиллаж буй. Даатгалын ийм систем байхгүйгээс эрсдэлд орсон гадаадын хөрөнгө оруулалттай компани цөөнгүй. Жишээлбэл, монгол компанитай хамтран ажиллаж байтал үл ойлголцол, маргаан гарснаас дутуу орхисон барилга нэлээд бийг бид мэдэж байгаа. Хөрөнгө оруулахдаа даатгуулсан бол ийм асуудал гарахгүй байсан юм. “Монгол даатгал” компанитай хийх гэрээний талаар Монголын барилгын компаниуд ойлголттой бол Монголд хөрөнгө оруулах таатай орчин бүрдэнэ гэж бодож байна.
“Баганат өргөө” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ “Hannover Re” компанид давхар даатгуулах гэрээ байгуулсан. “Нарлаг Буянт-Ухаа” төслийн тухайд уг нь 2016 оны зургадугаар сард хөрөнгө оруулах гэрээ хийсэн ч эрсдэлийг багасгах гэж багагүй хугацаа зарцуулснаас ажил хараахан эхлээгүй. Төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргасан иргэд яагаад гэрээний дагуу хөрөнгө оруулахгүй байна гэж гайхаж мэднэ. Хөрөнгө оруулах таатай орчин бүрдүүлэхэд багагүй хугацаа шаардлагатай. Бид гэр хорооллынхон худалдан авч чадахаар боломжийн үнэтэй орон сууц барих зорилт тавин ажиллаж буй учир шийдэх асуудал, ажил их байгааг тэмдэглэх нь зүйтэй.
-Гэр хорооллын иргэдийн олонх нь орон сууц худалдан авах боломжгүй гэсэн судалгаа байдаг. Тэдэнд зориулж хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулах боломжтой юу?
-Холбогдох дүрэм журамд заасны дагуу орон сууцны үнийн 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний бэлэн мөнгийг урьдчилан өгч, үлдсэн 70 хувийг жилийн найман хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай зээлж болно. Урьдчилгаа 30 хувийг төлөх боломжгүй айл өрх цөөнгүй байгааг манай компанийн зүгээс харгалзан үзэж “Монгол даатгал” компанитай харилцан тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа төлбөрийн 20 хувьд баталгаа гаргаж, зээлд хамрагдах боломж бүрдүүлж буй. Ингэснээр иргэд 10 хувийг урьдчилж төлөөд, орон сууцандаа орж болно гэсэн үг. Энэ бол урьд байгаагүй таатай нөхцөл.
-Нэг айлын хашаанд 2-3 айл хамт амьдардаг тохиолдол цөөнгүй. Дахин төлөвлөлтийн хүрээнд газрын эзэн нь байранд орж, хашаанд нь байгаа бусад айл өөр тийшээ нүүж, дахиад л утаа гаргаад байх уу?
-Эзэд нь газраа зарах юм уу, байраар солих боломжтой. Харин хашаанд нь амьдарч буй айл өөр газар руу нүүхээс өөр аргагүй. Гэхдээ утааг бууруулах нь бидний гол зорилго учраас энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын ойролцоо сургууль, цэцэрлэг, дэлгүүр хоршоо, үйлчилгээний төвтэй, 3000-5000 айлын, хоёр давхар байшингуудтай “Town house” хотхон байгуулж, гэр хорооллын айлуудыг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж харж байгаа. Энэ саналыг Монголын Засгийн газраас дэмжиж “Town house” цогцлуулах газар олговол бид гэр хорооллыг зөвхөн орон сууцаар хангаж чадна. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шинэ хотхон байгуулж, гэр хорооллын иргэд цэвэр, тохилог орчин бүрдүүлэх юм. Түүнчлэн “Town house”-ын байр нь орон сууцнаас арай хямд үнэтэй гэдгээрээ онцлог юм.
-Хэдийгээр боломжийн үнэтэй гэж байгаа ч айлын хашаанд амьдардаг хүмүүс авч дийлэх, эсэх нь эргэлзээтэй. Бас л төлбөрийн уян хатан нөхцөл гаргах шаардлага тулгарах болов уу?
-“Town house”-хотхонд хоёр давхар байшингууд барина. Нэг байшинд найман айл амьдрах боломж бүрдүүлэхээр тооцсон. Тэгэхээр нэг байшингийн үнийг найман айл хувааж төлнө гэсэн үг. Манай компани ашиг орлогын төлөө улайрч, өндөр үнэтэй байшин “үйлдвэрлэх” бус, гэр хорооллын иргэдийн төлбөрийн чадварт тохирсон боломжийн үнэтэй байр барьж, борлуулна.
-“Town house”-ын инженерийн дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ?
-Газрын асуудлаас гадна гэр хорооллынхныг уг хотхонд нүүж очиход Монголын Засгийн газраас дэмжлэг үзүүлбэл инженерийн дэд бүтцийг хөрөнгө оруулагч тал болон нийслэлийн ЗДТГ хамтарч шийдэх боломжтой гэж үзэж буй. Цахилгааныг нарны эрчим хүчээр шийднэ. Монголын Засгийн газраас БНСУ-ын Засгийн газарт хандаж, “Town house”-ын цахилгааныг нарны эрчим хүчээр шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргавал БНСУ-аас хөрөнгө оруулах юм. Нарны эрчим хүч ашиглах технологийг шийдэхэд зарцуулсан зардлыг эрчим хүчийг ашиглаж буй тухайн хотхоны айл өрхийн төлбөрөөс 10-20 жилийн хугацаанд нөхөж авч болно. Оруулсан хөрөнгөө эргүүлэн татсаны дараа нарны эрчим хүчний төхөөрөмжийг Монголын Засгийн газарт хүлээлгэн өгнө. Бидний төсөл хэрэгжиж, Улаанбаатар хотын иргэд цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, төрөлх хотдоо сэтгэл тэнүүн амьдрах өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан БНСУ-д айлчилж, 700 сая ам.доллартай тэнцэх воны хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээ хийсэн. Үүний дийлэнх хувийг нь агаарын бохирдлын эсрэг төслүүдэд зарцуулахаар мэдэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулахын төлөө гэр хорооллыг барилгажуулахаар ажиллаж буй бидний ажилд ч энэ хөрөнгө томоохон дэмжлэг болно гэж найдаж байгаа.
Цаашид бид гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслүүдэд хөрөнгө оруулахаас гадна солонгос технологиор үйлдвэрлэл явуулдаг аж үйлдвэрийн цогцолборыг Монголд бий болгон, монгол хүмүүсийг ажлын байраар хангах нь бидний бас нэг том зорилго. Монгол залуус ид хийж бүтээх, гэр бүл болж, амьдралаа цогцлоох үеэ гадаадад ажиллаж өнгөрөөгөөсэй гэж хүсэхгүй байна. Тиймээс аж үйлдвэрийн цогцолбор барьж, хангалттай ажлын байр гаргах зорилго тавьсан.