
.jpg)
“Арт хаус” төвийн Үзэсгэлэнгийн танхимд Сар шинийн баярт зориулсан үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн “Сар шинийн гоёл-2018” ээлжит үзэсгэлэн, худалдаа гарч байна. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн, худалдааг уламжлал ёсоор “Арт хаус” төв болон “Азийн урлаг” Галерей, “Master Jewelry” уран дархны урлан хамтран зохион байгуулж, 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн оролцож байгаа юм.
“Сар шинийн гоёл-2018” үзэсгэлэн, худалдаанд Монголын эртний болон орчин үеийн чамин хийцтэй хөөрөг, аяга, эмээл, хэт хутга, шаазан эдлэл, гоёл чимэглэл зэрэг монголчуудын өвлүүлэн үлдээсэн өв уламжлал, ур ухаан, монгол үндэстний сэтгэлгээний өвөрмөц онцлог, нүүдэлчин ахуй амьдралын хэв маягийг тусгасан өвөрмөц соёлын өв, урлаг, урлахуй ухаан, монгол урчуудын бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийг дэлгэн тавьжээ.
Монгол уламжлалыг орчин үед хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх, уламжлуулан хөгжүүлэх, таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү үзэсгэлэнд тавигдсан урлагийн тансаг зэрэглэлийн бүтээлүүд нь дахин давтагдашгүйгээрээ онцлогтой ажээ.
Үзэсгэлэн, худалдаа Барилгачдын талбайн баруун талд байрлах “Арт хаус” төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилнэ.