
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар их хурлын төлөөлөгчид хуралдааныг орхилоо. Тодруулбал, “Өдөр тутмын сонинуудын холбоо”, “Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциац”, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүх төлөөлөл, ахмад сэтгүүлчид, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн зарим гишүүн их хурлыг хаяж гарсан юм. Тэд хурлын үйл явц Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийг хөгжүүлэх дүрмийн өөрчлөлтийг хийх нөхцөлийг хангаагүй, тус төрийн бус байгууллагын ерөнхийлөгчийг сонгоход эрүүл, шударга өрсөлдөөн үүсгэх боломжгүй гэж үзэн ийн хурал хаялаа.
Хурлын эхнээс зарим холбоодыг зохион байгуулалттайгаар хяхан хавчиж эхэлсэн. Тухайлбал, хурлын санал хураалтыг шударга хяналттай явуулах зорилгоор тооллогын комисст “Өдөр тутмын сонинуудын холбоо”-ноос С.Гантогоог дэвшүүлсэн боловч түүнийг нэрийг багтаагүй юм. Улмаар Сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн дүрмийг өөрчилсөн төслийг тус төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр найман жил ажилласан Б.Галаарид танилцуулсан. Эвлэлийн удирдлагад нам бус хүн ажиллана гэсэн агуулгатай заалтыг дүрмээс авч хаясан байлаа. Мөн төрийн бус байгууллагыг аж ахуйн нэгж шиг орлогын хойноос хөөцөлдөх эрх олгох заалт ч тусгасан байв.
Иймээс өглөөхөн тараасан энэ төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналыг зарим төлөөлөгч гаргасан. Тэд “Дүрмийн 20 хувийг өөрчлөх эрх бага хурал бий. Сайтар хэлэлцсэний дараа бага хурлаараа хэлэлцээд дүрмийг өөрчилж болно” гэж тайлбарлаж байлаа. Дөрвөн төлөөлөгч горимын саналаар санал хураалт явуулж өгөхийг удаа дараа санал хүссэн боловч хурал даргалагч Ж.Батбаатар сонссон ч сонсоогүй юм шиг царайлан, бусад төлөөлөгчийн үгийг сонссоор байв. Хурлын таван тэргүүлэгчийн дөрөв нь түүний үйлдлийг эсэргүүцсэн ч тэрбээр зөрүүдэлсээр байсан юм.
Ингээд олон төлөөлөгч хүчтэй шаардлага тавьж, горимын саналаар санал хураалгав. Дүрмийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж, сайтар танилцсаны дараа өөрчлөлт оруулах горимын саналыг 100 орчим төлөөлөгч дэмжсэн. Гэвч танхимд байсан хүмүүсийн хэд нь дэмжээгүйг тоолохгүйгээр хуралд оролцохоор бүртгүүлсэн 300 орчим төлөөлөгчөөс шууд хасаж, цөөнх болсон гэж үзэв. Хурал хаясан төлөөлөгчид зохион байгуулагчид, хурал даргалагчийг хэн нэгний эрх ашигт нөхцөл байдлыг нийцүүлэхээр санаатайгаар замбараагүй байдал үүсгэсэн гэж үзэж байлаа. Энэ үеэр МСНЭ-ийн Телевизийн мэргэжлийн төвийн дарга, хурлын тэргүүлэгчдийн нэг Ц.Оюундарь “Энэ чинь “түүхий” дүрэм байна. Ийм дүрэм баталж болохгүй. Сэтгүүлчдийн нэр хүндэд муу. Үүнийг больё” гэхэд хурал даргалагч Ж.Батбаатар “Хүмүүс саналаа хэлж байхад яаж зогсоох юм бэ” гээд зориуд будлиантуулсан. Тиймээс ямар ч үүрэггүйгээр хурлын тэргүүлэгч гэж, зохион байгуулалттай “жүжгийн” нэг хэсэг болж суух утгагүй байлаа. Нөгөө талаас энэ дүрмийн төсөл бол үнэхээр ичмээр. Нийтлэг үндэслэлийг нь уншихад л нэг, гурав, зургаа дахь заалт нь алдаатай. Тиймээс хамт батлалцах ёс суртахууны эрх надад байхгүй” гэж ярив.