
МСНЭ-ийн 17-р их хурлаар улс төрийн намын нөлөөнд орж болзошгүй дүрэм батлахаар улайрч, сэтгүүлчдээр хэлэлцүүлэх боломж олгоогүйг эсэргүүцэн их хурлыг орхин гарсан сэтгүүлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Өнөөдөр сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабат хэлэхдээ "МСНЭ-ийн 17-р их хурал өчигдөр болсон. Гэвч "Өнөөдөр сонин", "Өдрийн сонин" гэх мэт “Өдөр тутмын сонинуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын төлөөлөл”, хоёроос гурван телевиз, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл орхин гарсан. Болсон явдлын учир шалтгааныг тайлбарлах зорилгоор энэхүү хэвлэлийн хурлыг зарлалаа. Хурлыг орхин гарсан хэд хэдэн үндэслэл бий. Жишээлбэл энэ их хуралд татвараа төлөөгүй учраас суух гээд чадаагүй олон сэтгүүлч бий. 2018 он гараад хоёрхон сар болж байхад энэ оны татвар яригдаж эхэлнэ гэдэг эртдэнэ. Мөн бидэнд дүрмийн бус шаардлага тавьж байсан. Хуулиа давж гарах дүрэм, шаардлага гэж байх ёсгүй. Хуралд оролцогчдын гуравны хоёроос дээш оролцогч дэмжиж байж тухайн зүйл хүчин төгөлдөр болдог учиртай. Тэгвэл хуралд үлдсэн 181 хүн гуравны хоёрт хүрэхгүй тул энэ их хурал, хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр бус.
Монголын “Өдөр тутмын сонинуудын холбоо”-ны тэргүүн Э.Долгион хурлын үеэр тайлбар хийхдээ "Энэ хурлыг орхиж гарна гэдэг бидний хувьд тийм амар шийдвэр байгаагүй. Хуралд оролцсон ахмад сэтгүүлчдээсээ бид уучлалт гуйх ёстой. Тэдэнд учирлаж хэлэхэд шударга бус, тэвчихийн аргагүй нөхцөл байдал үүссэн байсан тул орхиж гарсан юм шүү. Юун түрүүнд бүх сэтгүүлчид оролцох ёстой хурлын татварыг маш өндрөөр тогтоосон байсан нь асуудал. Хоёрдугаарт унших хугацаа хангалттай олгоогүй хуудуутай дүрмийн төслийг бид баталж чадахгүй гэж үзсэн. Уг нь бол ямарваа нэг дүрмийн өөрчлөлтийг батлуулахын тулд доод тал нь 5 хоногийн өмнө уншиж танилцсан байх учиртай. Тэд "Өмнөх өдөр нь сайтад орсон байсан та нар уншихгүй яасан юм бэ" гэдэг хариултыг өгч байсан. Энэ дүрмийн төсөл есөн хуудас материал, дотроо 8 зүйлтэй, 203 дэд хэсэгтэй. МСНЭ-ийн дүрмийн төсөл гэдэг бол сэтгүүлчдийн үндсэн хууль л гэсэн үг. Гэтэл үндсэн хуулиа бид уншилгүйгээр батлах боломжгүй. Тэнд сайн нягталвал логик алдаатай, зөрүүтэй, заалтаа үгүйсгэсэн заалтууд ч байсан. Хурлыг хойшлуулах санал тавьсан ч заавал батална гэсэн болохоор орхиж гарсан. Хүмүүс сонгуульд нэр дэвшээд барахгүйдээ шаралхаад хурлаас гарсан гэж ойлгож магадгүй. Тухайн дүрэм аль нэг намын харьяаны хашаанд түгжиж болохоор байсан тул албан тушаалаас ч чухал зүйл. Ийм учраас бид сонгуулийн хэсэг болохоос ч өмнө гарч явсан. Миний нэр дэвшсэн явдал бол манай хамт олны шийдвэр байсан. Хэрвээ би сонгуульд нэр дэвшье гэж бодож байсан бол ядаж 7 хоногийн өмнө нэр дэвших байсан. Сэтгүүл зүй сул дорой байж болно. Гэхдээ сэтгүүл зүйн үнэт зүйлд орлогыг оруултлаа доройтоогүй. Иймээс бид цаашид бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах болно гэдгээ мэдэгдэж байна" гэв.