
Чингэлтэй дүүргийн нутаг дахь “Мөнгөн завъяа” дэлгүүрээр үйлчлүүлж байсан 75 настай хөгшнийг залилж мөнгө, хадгаламжийн болон тэтгэврийн дэвтэр, цүнхийг нь авч зугтсан хэрэг уржигдар гарчээ. Уг дэлгүүрийн лангуун дээрх бараа, алт, үнэт эдлэлийг сонирхож явсан түүн рүү 40 орчим настай эр ирээд “Танд сар шинийн бэлэг, ээмэг авч өгье” гэсэн аж. Улмаар элдэв үгээр уяраан 400 000 төгрөг, дээр дурдсан зүйлс, алтан ээмэг бүхий гар цүнхийг нь авч одсон гэнэ.
Цагаан сар ойртож, хүмүүс идээ шүүс, бэлэг сэлт, өмсгөл зүүсгэлээ бэлтгэхийн тулд бэлэн мөнгөтэй их явах болсон. Үүнийг залилагч, хулгайч, дээрэмчид ашиглаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа тул зах, худалдааны төв, дэлгүүрээр явахдаа анхаарал, сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.