
Нийт нутгаар энэ сарын 8-нд цасан болон шороон шуурга шуурсны улмаас орон нутгийн авто замуудад халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар нийслэлээс гарах бүх чиглэлд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байсныг өнгөрсөн баасан гаригийн 07.00 цагт нээв. Улаанбаатар Мандалговь чиглэлийн буюу Ногоон дов даваа орчим цас хунгарлаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж зам хаасан байсныг өчигдөр өглөө нээжээ.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн төвийн Зам, тээвэр, засвар арчлалтын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн А.Баясгалангаас тодруулахад “Ногоон дов орчимд өнөө (өчигдөр) өглөө шуурч байсан ч одоогоор намжсан. Ганц л машин явах боломжтой байсан замын цасыг цэвэрлэн, зорчих хэсгийг өргөсгөхөөр Төв аймгийн Авто зам засвар арчлалтын компанийнхан 12 ачигч, дөрвөн техниктэй ажиллаж байна. Дархан-Уул, Говьсүмбэр, Сэлэнгэ чиглэлд зам, давааны нөхцөл хүндэрсэн ч хариуцсан компаниуд нь тухай бүрт нь цэвэрлэж, чөлөөлж байгаа. Улсын хэмжээнд хаагдсан зам, даваа одоогоор байхгүй” гэв.
Дашрамд дуулгахад, нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүрэгт “Машинтайгаа цасанд боогдсон” гэсэн хоёр дуудлага өнгөрсөн амралтын өдрүүдэд ОБЕГ-т иржээ.