
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн улсад "Boeing 737 Max" загварын онгоцнуудын нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ. Түүний эл шийдвэрийг “The Beoing” компани дэмжин дэлхий даяр өөрийн онгоцны нислэгийг түр зогсоолоо.
Сүүлийн хагас жилийн дотор “Boeing 737 Max 8” загварын хоёр ч онгоц осолдож 350 орчим хүний амь нас эрстээд байгаа билээ. Энэ сарын 10-нд Этиопийн “Ethiopian Airlines” компанийн Boeing 737 Max 8 онгоц осолдсоны дараа дэлхийн ихэнх улс орон тус хөлгийн нислэгийг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж. Boeing 737 MAX загвар нь “Boeing737” онгоцны дөрөв дэх үеийн хөлөг бөгөөд 2016 оноос эхэлж нисэж байгаа аж. Эл онгоцонд 160-175 хүн зорчих боломжтой аж. “The Boeing” компанийн гүйцэтгэх захирал Даниэл Мюленбург “Бид ослын шалтгааныг олохын тулд шинжээчид болон мөрдөн шалгах багийнхантай нягт хамтран ажиллаж, чадах бүхнээ хийх болно. Аюулгүй байдлыг нэгт тавьж, дахин ийм харамсалтай осол аваар гаргахгүй байх бүх арга хэмжээг авна” хэмээн мэдэгдсэн байна. Гэтэл АНУ-ын нисгэгчид “Boeing 737 Max”-ийн хөөрөлтийг удирдахад зарим үед хэцүү гэж нэг биш удаа гомдол гаргаж байсан нь ил болжээ. Чухамхүү энэ тухай өнгөрсөн аравдугаар сард Индонезд осолдсон “Lion Air” компанийн онгоцны нисгэгч диспетчерт мэдээлсэн байна. Тэгэхэд нисгэгчид онгоцны автомат системийн асуудлыг арилгаж чадаагүй аж. Эл явдлаас хойш ердөө нэг сарын дараа “United Airlines” компанийн хоёр нисгэгч Boeing 737 Max онгоцны автомат удирдлагад асуудал гарасан тухай мэдээлж байжээ. Индонезийн ослын дараа “The Boeing” компани онгоцны мэдрэгчид буруу үзүүлэлт заасан тохиолдолд яах ёстой зааварчилга тараасан аж. Гэсэн ч “Компани энэ тал дээр ямар ч дорвитой арга хэмжээ аваагүй” гэж нисгэгчид ярьжээ.