
Халуун орны “Идай” хар салхи зүүн өмнөд Африкийн ихэнх хэсгийг үерт автуулжээ. Зимбабве, Малави, Мозамбик улсын мянга мянган иргэд орон гэргүй болж, хэдэн арван хот тосгод сүйрчээ. Амь үрэгсдийн нэгдсэн тоо одоо болтол тодроогүй байна. Байгалийн гамшигт хамгийн ихээр Мозамбикийн Бейра хот өртжээ.

Улаан загалмай болон Улаан хавирган сар Нийгэмлэгүүдийн Олон улсын Холбооны мэдээлснээр Бейра хотын 90% орчим хувь сүйрчээ. Тус хотын нисэх онгоцны буудал хаагдаж, зам харгуй усанд автсан тул тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээр бол Мозамбик болон Зимбабвед 300 хүн амь үрэгдсэн байна.

Энэ тоо өсөх магадлалтайд эдгээр орны эрх баригчид санаа зовж байгаа аж. Мозамбикийн Ерөнхийлөгч Филипе Ньюси “Идай” хар салхины үр дагаврыг “хүмүүнлэгийн аймшигт гамшиг” гэж дүгнэсэн байна. Тус улсад гурван өдрийн гашуудал зарлажээ.