
Улаанбаатар-Налайх чиглэлийн төмөр замын Хонхор-Налайх хоорондын салбар төмөр замын тээврийн хөдөлгөөнийг сэргээн ашиглах асуудлаар 2017 оноос холбогдох мэргэжлийн байгууллагууд тооцоо, судалгаа хийж эхэлсэн. Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээн засварласнаар цаашид дагуул хотуудыг хөгжүүлэх, стратеги эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Зам, тээврийн хөгжлийн сайдад хүсэлт гаргасан байна.
Энэ хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу "Хонгор-Налайх чиглэлийн салбар төмөр замыг сэргээн засварлах, ашиглах техникийн нөхцөл, боломжийг судлах" ажлын хэсэг байгуулагджээ. Төмөр замын үйл ажиллагааг сэргээн засварлах, ашиглах техникийн нөхцөл, боломжийг судлах ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад, 10.4 км орчим замыг сэргээх шаардлагатай гэж үзсэн байна.
Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гарган, Зам, тээвэр хөгжлийн сайдад 03 дугаар сарын 29-ны өдөр танилцуулах юм байна.