
“Ubike” төсөл хэрэгжүүлэгч, унадаг дугуй үйлдвэрлэдэг “Никел Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням нарын гурван хүн энэ сарын 13-нд машиндаа мансууруулах бодис хэрэглэж байгаад саатуулагдсан юм.
Сүхбаатар дүүргийн нутаг, Сөүлийн гудамжинд хуучнаар Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд “Приус” маркийн автомашинд тэд каннабис хэрэглэж байгаад цагдаагийнханд баригдсан бөгөөд хууль сахиулагчдыг очиход эд мөрийн баримтаа устгахыг санаархсан уу, машин дотроо өвсөө цацсан байдаг.
Гэвч нэгнийх нь халааснаас эд мөрийн баримт болох ууттай өвс гарч иржээ. Анхан шатны тестийн шинжилгээгээр тэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон аж. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, харьяаллын дагуу ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэхээр болжээ.
Гэхдээ ШШҮХ-д хийх нарийвчилсан шинжилгээний дүн гарсны дараа уг газарт хүргүүлэхээр прокурор шийдвэрлэсэн аж. Бидний авсан мэдээллээр шинжээчийн дүгнэлт гарч, хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Дүгнэлтээр Г.Дашням тэргүүтэй гурван хүн мансууруулах бодис хэрэглэсэн нь батлагдсан гэнэ.