
МАХН-ын дарга Н.Энхбаяр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ прокурор Е.Сагсайн талаар "Хэрэгт холбоотой хүний ар гэрийн хүнийг дарамталж зохисгүй үйлдэл хийсэн" гэж хэлсэн. Үүний дараагаар өнгөрсөн Баасан гарагт МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян Е.Сагсайн талаарх "албан тушаалаа ашиглан бэлгийн дарамтанд оруулсан" гэх бичлэгийг олон нийтэд дэлгэсэн билээ. Тэгвэл энэ талаар Е.Сагсай нь "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагандаа "Телевизээр гаргаж байгаа бичлэг бол 2009 онд болсон үйл явдлын бичлэг байна лээ. Өөрөөр хэлбэл, одоогоос арван жилийн өмнө болсон үйл явдал. Гэхдээ бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй.
Нөхөр нь шоронд орсон эмэгтэйтэй албан тушаалаа ашиглаж, түүнд бэлгийн дарамт үзүүлж, дарамталсан асуудал ерөөсөө байхгүй. Ийм учраас намайг эмэгтэй хүнийг хүчиндсэн, бэлгийн дарамт учруулсан гэх мэтээр нийгэмд мэдээлэл цацаж байгаа нь ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл юм.
Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас 30 орчим насны хоёр залуу орж ирж, хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, дарамтлан рекетлэх замаар бичлэгийг хууль бусаар хийсэн" гэлээ.
Юутай ч тэрбээр энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс зохион байгуулсан хэмээн хардаж буй аж.