
“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс Эрдэнэт үйлдвэрт ажиллажээ. Энэ талаар тус эвлэлийн гишүүн Э.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
"Эрдэнэтэд нөхцөл байдал хүнд байна. Намайг залуу байхад Эрдэнэт үйлдвэр 100 жилийн нөөцтэй, монголчууд гараа хумхиад, дээшээ хараад хэвтэж байхад л 100 жил тэжээнэ гэж ярьдаг байсан. Эрдэнэт үйлдвэр хуучнаасаа саалийн үнээ байсан бөгөөд ямар ч үед алдагдалгүй, ашигтай ажиллаж ирсэн. Харин тэнд ажиллаж байгаа ажилчид нь та бүгдийн төсөөлж байснаас маш доогуур, хүнд нөхцөл байдалд ажилладаг юм билээ. Тэтгэвэртээ гармагцаа таван жилийн дотор бүгд нас барцгаадаг. Мөн Эрдэнэт хотын иргэд маш хортой, хүнд нөхцөлд амьдарч байна.
Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэлүүд байхгүй байгаа учраас бид үйлдвэрчний эвлэл байгуулсан. Манайхаас тэнд бодит судалгаа хийж, танилцсаны үр дүнд энэ асуудлыг нийтэд нээлттэй тавьж байна. Энэ байдлыг таслан зогсоохын төлөө үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үндсэн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж, зарчмаа өгч ажиллах болно. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бидэнд олгогдсон эрхийг одоогийн захирал Х.Бадамсүрэн нь үл ойлшоож, ажиллагааг боогдуулж байна. Энэ байдалд бид нар цаашдаа шуурхай арга хэмжээ авна.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр бидний төсөөлж байсан шиг сайхан газар байхаа больчихсон юм байна. Тэр худлаа юм байна. Тэнд үе дамсан боолын дэглэм үйлчилж байгаа юм байна. Тэнд байгаа хүмүүс айдас хүйдэс дотор өнөө маргаашийнхаа хоолны төлөө яахаас ч буцахгүй хүмүүс болсон байна. Дарга нар нь үнэхээр цалин хангамж сайтай, тансаг амьдардаг юм билээ" гэлээ.
"Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалингийн хэмжээг 100-300 хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа.