
Хятадын Хонконгтой хиллэх Луоху боомтоор 12 настай охин олон жирэмсэн эмэгтэйчүүдийн цусны сорьц авч гарах гэжээ. Эл хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан ч олон нийтэд саяхан ил болсон аж. Гаалийн ажилтнууд том ачаа үүрсэн 12 настай охин ганцаараа аялж байгаад анхаарлаа хандуулсан байна. Түүний тээшнээс нийт 142 ширхэг хуруун шилтэй сорьцууд гарч иржээ. Хуруун шилэн дээрх бичгүүд уг сорьцыг жирэмсэн эхчүүдийнх гэдгийг гэрчилсэн бол дараа нь хийгдсэн шинжилгээ ч үүнийг нотолжээ. Залуу охин ачааныхаа талаар нэгэн танихгүй эрэгтэй хилээр гаргаж өгөхийг хүссэн бөгөөд үүнийх нь төлөө мөнгө өгнө гэж амласан хэмээн тайлбарлажээ. “Sixth Tone” онлайн хэвлэлийн мэдээлснээр Хятадад үр хөндөлт гаргахгүйн тулд хүүхдийн хүйсийг төрөхөөс нь өмнө мэдэх хориотой аж. Тиймээс ирээдүйн эцэг эхчүүд сорьцыг Хонконг руу шинжилгээнд явуулах гэж оролддог аж.