
ОХУ-ын Хабаровскийн хязгаарын амбан захирагч асан, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойргийн биет төлөөлөгч Виктор Ишаевыг хуулийн байгууллага саатуулсан тухай Интерфакс, РИА Новости, ТАСС мэдээллийн агентлагууд мэдээллээ. Ишаевыг ойн салбарт гарсан залилангийн хэрэгтэй холбогдуулан Москвад баривчилжээ” гэж Интерфакс мэдээлсэн бол ТАСС амбан захирагч асанг эрх мэдлээ хэтрүүлж улсын өмчийг шамшигдуулсан хэрэгт буруутгаж болзошгүй талаар ТАСС бичиж байна. Өнгөрсөн Пүрэв гарагт Холбооны Аюулгүйн Албаныхан Хабаровскийн хязгаарын захиргааны байранд нэгжлэг хийсэн аж. Эл ажиллагаа нь ойн салбарт гарсан луйврын хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд явагдсан тухай тус бүс нутгийн амбан захирагчийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ. Дээрх нэгжлэг болон 70 настай Ишаевын баривчилгаа хоорондоо холбоотой гэнэ. Үүнээс гадна амбан захирагч асаны хүү Дмитрий Ишаев, Хабаровск хязгаар дахь “Роснефть” компанийн төлөөлөгч Геннадий Кондратов мөн тус бүс нутгийн засаг захиргааны орлогч дарга Владимир Хлапов нар баривчлагджээ. Энэ сарын 20-нд Хабаровскийн Төв дүүргийн шүүх тус хязгаар нутгийн орлогч захирагч асан Василий Шихалевыг мөн эрх мэдлээ ашиглан ойн салбараас их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутган баривчлаад байгаа аж. “Петербургская политика” сангийн явуулсан судалгааны дүнгээр 2011 оноос хойш албан тушаалаа орхисон ОХУ-ын 100 амбан захирагч асаны 10 нь эрүүгийн хэрэгт татагджээ. Энэ долоо хоногийн эхээр улсын яллагч 2015 онд баривчлагдсан Комийн амбан захирагч асан Гайзерт 21 жил хүнд дэглэмтэй ангид хорьж, 500 сая рублийн торгууль оноохыг хүссэн байна. Гайзерын хорих ял хамгийн урт нь аж. Сахалин мужийн амбан захирагч асан Хорошавин 13 жилийн хорих ял, Киров мужийн захирагч Белых, Тула мужийн захирагч Дудка нар 9 болон 8 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн юм. Ишаевын баривчилгаа өнгөрсөн найман жилийн хугацаанд амбан захирагчдын баривчилгааны 11 дэх нь ажээ.