
“Гэр хороолол” хөдөлгөөнөөс зохион байгуулж буй суулт Баасан гарагт эхэлж байсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Гэвч өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны орой цагдаагийн байгууллагаас суулт зарлаж байсан иргэдийг албадан тараалаа.
Суултад 10 гаруй иргэд оролцож байсан бөгөөд тэд сайн дураараа оролцож буй гэдгийг хэлж байсан юм. Хөдөлгөөний зүгээс “Бид нийслэлийн удирдлагуудад хандан гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Ажилтай, орлоготой болъё” гэдэг л шаардлага тавьж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гарсангүй. Гэр хорооллыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар утаа униар багасаж, агаарын бохирдол ч буурах боломжтой. Иймээс гэр хорооллыг барилгажуулахад нийслэлийн төсөвт 40 тэрбумыг нь буцаан тавих. Хашааных нь газрыг байрны урьдчилгааны 30 хувьд тооцон авч иргэдийг хохироохгүй байх” зэрэг шаардлага тавьж буй гэдгээ онцолж байлаа.