
Гэр хороолол хөдөлгөөнөөс Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн байгууллага албан хүчээр тараасан талаар мэдээлэл хийлээ.
Гэр хороолол хөдөлгөөнийхөн "Манай хөдөлгөөний зүгээс үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өнгөрсөн баасан гарагт Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Жагсаалын гол зорилго нь гэр хорооллын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгоход чиглэсэн үзэл бодол илэрхийлж байсан. Мөн бид ямар ч улс төрийн утга агуулгатай зүйлс яриагүй бөгөөд хэн нэгэн албан тушаалтныг буруутгаагүй. Баасан гарагийн өглөө 11 цагт жагсаал эхэлж, дараа нь бид хугацаагүй суулт зарласан.
Бямба гарагийн орой 11 цагт цагдаа нар ирж НЗДТГ-ын дарга С.Амарсайханы захирамжийг танилцуулсан. Тус захирамжинд "Нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгож, хэв журам алдагдуулсан, хууль бус үйлдлийг албадан хүч хэрэглэж тараа" гэсэн байсан. Дараа нь цагдаа нар бидний майхныг урж, хурааж авсан.
Бид хэнийг ч төрийн эргэлт хийе гэж турхираагүй. Амьдралаа яриад сууж байгаа өндөр настай иргэдийг албадан чирж, хувцасыг нь урж сүрийг үзүүлсэн. Иргэдийнхээ эрхэнд ингэж халдаж болохгүй. УИХ-ын гишүүд нь бүтэн сарын турш төв талбай дээр жагсаал, суулт хийж эрх мэдэл, эд баялаг булаалдан тэмцэлдэж байхад энэ нь шударга ёс. Харин гэр хорооллын иргэд өөрсдийнхөө амьдралыг яриад сууж байхад энэ нь яахаараа шударга бус явдал болж байгааг бид гайхаж байна.
Дахин дуулгахад бид хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний төлөө яваагүй. Бид ядуусын төлөө явж байгаа. С.Амарсайхан, У.Хүрэлсүх нарыг бид төрөөс буулган зайлуулна гэж яриагүй. Яагаад жирийн иргэдийн үгийг хэлүүлдэггүй, ялгаварласан, дорд үзсэн байдал гаргаад байгааг ойлгохгүй байна. Иймд бид 4 дүгээр сарын 5-ны өдөр "Эрх чөлөө"-ний талбай дээр хотын дарга С.Амарсайханыг огцрохыг шаардах болно" гэлээ.