
БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэн томилогдохоор болсон ч ажилдаа орж чадахгүй удаж буй Т.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа. Түүний эсрэг янз бүрийн үндэслэлгүй гомдол зарим хүн гаргаж, АТГ-ынхнаар шалгуулсан ч гэм буруугүй нь нотлогдсон юм.
-Таныг Захиргааны хэргийн шүүхээс ажилд нь буцаан томилохоор шийдсэн ч яагаад өдий хүртэл ажилдаа орохгүй яваа юм бэ. Яагаад шүүхэд хандах болсон юм бол?
-Энэ бол хувь хүний ажлын байрны төлөөх тэмцэл бус, нам, эвсэл, Засгийн газрын гишүүн, сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон нам дагаж эрх ашиг хайсан хүмүүсийн ажлын байрны төлөө хүн алахаас ч буцахгүй үйлдэлтэй холбоотой юм.
Би ХБНГУ-д улс төр судлаач (Хөгжлийн бодлого) мэргэжлээр төгссөн, Бонн хотын захиргаа, Европын Холбооны төсөлд, 2003 оноос Монгол Улсын байгаль орчны салбарт ажиллах болсон. Тэр дундаа Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй Байгаль орчин, Тусгай хамгаалалттай нутгийг хөгжүүлэх төслүүдэд мэргэжилтэн, зөвлөх, зохицуулагчаар ажиллаж байв. Энэ хугацаанд эх орныхоо байгаль орчныг хамгаалах асуудалд бүх л мэдлэг чадвар бололцоогоо дайчлан ажиллаж, олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн жирийн нэгэн иргэн.
2012 онд УИХ-ын гишүүн байсан С.Оюун энэ салбарт ажиллаж байсныг минь үнэлэн надад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын зөвлөхөөр ажиллах санал тавьсан юм. Энэ албан тушаалд ажиллаж байхад тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тэтгэвэрт гарч, намайг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсан юм. Ингээд хуулийн дагуу зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцож, тухайн албанд нэр дэвшин томилогдож ажиллах шалгуур, эрхийг бүрэн хангасан.
Гэтэл Төрийн албаны зөвлөл (ТАЗ) Төрийн албаны тухай хууль тогтоомжоо биелүүлдэггүйтэй холбогдуулан тус зөвлөлд холбогдуулан шүүхэд маргаан үүсгэсэн. Захиргааны хэргийн гурван шатны шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэж намайг уг албан тушаалд нэр дэвшүүлэхийг ТАЗ-д даалгасан. Гэтэл уг зөвлөл “Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хууль бусаар томилогдсон... энэ нөхцөлд уг хүнээр томилгоо хийлгэх боломжгүй” гэх мэтээр жил гаруй шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн хариу өгсөн.
Эцэст нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болоход намайг нэр дэвшүүлэх тухай ТАЗ-өөс тогтоол гаргасан байдаг. Шүүх миний гомдлыг хэлэлцэж байх хугацаанд сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол томилогдож БОАЖЯ-нд ажиллаж байсан олон хүнийг тухайн үеийн Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ш.Булганы тушаалаар бүтцийн өөрчлөлт нэрээр хоморголон халсан юм.
Энэ довтолгоонд өртөн, халагдсан тухайгаа албан бус эх сурвалжаас сонсон ажлаа хүлээлгэн өгсөн. Дараа нь Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Төрийн албаны тухай хуулийг үл тоомсорлож байгаа тул миний бие дахин Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Миний нэхэмжлэлтэй хэрэг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үүсээд жил гаруй болж байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэх хурлыг Ц.Цэнгэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан байнга хойшлуулсаар ирсэн.
-АТГ-т шалгаад гэм буруугүй гэж үзсэн нь ямар учиртай юм бэ?
-Хамгийн бусармаг үйлдэл нь яамнаас томилогдсон этгээдүүд шүүхийн шийдвэр болон Төрийн албаны тухай хуулийг мөрдөхгүй, тухайн ажлын байранд өөрсдийн гэх хүмүүсийг хууль бусаар үлдээхийн тулд надад зохиомол хэрэг үүсгэж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гэмт хэрэгтэн мэтээр нийтлэл бичүүлж, цагдаа, хуулийн байгууллагад үндэслэлгүй, худал гомдол мэдээлэл гарган ялтан, сэжигтэн мэтээр тайлбарлан, ёс зүйгүй харьцаж, заавал ямар нэг хэрэг тохох зорилготой, байнга айлган сүрдүүлж, сэтгэл санааны дарамтад өртүүлэх ажиллагааг идэвхтэй зохион байгуулж буй нь энэ нийгмийн эмгэнэлт жүжгийн нэгэн хэсэг.
Энэ үйлдэл болгонд шүүх, цагдаа, холбогдох газраас тайлбар гаргуулан, тус бүрт нь хэрэг үүсгэн шалгуулж яваа шүүгч, өмгөөлөгч, бие төлөөлөгч нарын минь алтан цагийг нарийн тооцон айхтар мундаг “цаг хожиж” байгаа юм. Намайг зөвхөн энэ ажлын байранд бус, цөөнгүй жил ажиллаж байсан олон улсын байгууллагад ажиллах боломжийг минь ч хаасан. Би эх орондоо ажиллах боломжгүй болсон, одоогийн эрх баригчдын заримынх нь тоглоом болж байгаа олон хүний нэг гэж боддог. Шүүхээр шийдвэрлүүлэх гэж буй зорилго минь ч ажлын байрны төлөөх тэмцэл бус.
Монгол Улсын иргэний хувьд шударга бус үйлдэлтэй эвлэрэх ёсгүй гэдгийг хүн бүр өөрт хамгийн ойр үйлдлээрээ харуулах ёстой гэж үздэг. Над руу дайрсан шуурганд хэвлэлийнхэн ч автан худал мэдээлэл тараасан нь хууль бус, үндэслэлгүй гүжирдлэг байсан гэдгийг Иргэний хэргийн шүүх нотолсон шүү дээ.
Төрийн албан тушаалын асуудлыг хэн нэгэн хүн, бүлгийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэж, тухайн хүний эрх ашгийн төлөө бусдын эрх ашгийг зөрчин, нэр төр, сэтгэл санааны хувьд хүнд дарамт байнга үзүүлэн дайрч байдаг албан тушаалтнуудаас Монголын төрийн алба чөлөөлөгдөнө гэдэгт иргэн би найддаг.