
НОСК-аас Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх юм.
Мөн цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн найман бүлгийн дагуу явуулахаар ажиллаж байна. Цаашлаад нийслэл Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бодитойгоор бууруулах үүднээс бүртгэлд хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьж байгаа.
Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжинд ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлаггүй бөгөөд зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээллэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм.
Нийслэлийн орон сууцны корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах комисс зохион байгуулан ажиллана.