
Анх 1228 онд Өгөөдэй хаан анхны морин өртөө байгуулснаар харилцаа холбооны сүлжээ байгуулах эх үндэс болсон гэж үздэг. Улмаар 1898-1899 онуудад Их Хүрээ болон Хиагт, Их Хүрээ ба Чуулалт хаалганы хооронд телеграфын шугам тавьж, цахилгаан мэдээний газрыг байгуулж 1913-1916 онуудад Их Хүрээнд нийт 60 хэрэглэгчийн багтаамжтай гар ажиллагаатай телефон станц ашиглалтад оруулан, 1916 онд 13 бүлэг, 93 зүйл бүхий Цахилгаан мэдээний дүрмийг баталж байжээ.
1920 онд анхны бага оврын радио станц байгуулж 1921 онд шуудан, цахилгаан холбооны ерєнхий газар үүд хаалгаа нээснээр Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын эхлэл тавигдсан гэж үздэг ажээ.
Харин өнөөгийн харилцаа холбооны байгууллагууд мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, мэдлэг шингэсэн өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын хөгжлийг хурдасгахад бодлого, зорилго тавин улам өргөжин тэлсээр байна.