
Одоогоос гурван жилийн өмнө төрийн үйлчилгээг хялбарчлах зорилгоор цэцэрлэгийн бүртгэл болон элсэлтийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ. Эхний жил зөвхөн хоёр настай хүүхдүүдийг бүртгэж байсан бол 2018 оноос эхлэн 2-5 настай хүүхдүүдийг цахимаар бүртгэж эхэлсэн.
Цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ныг дуустал явуулна. Харин наймдугаар сарын 23-наас нийслэлийн хэмжээнд цахим элсэлтийн ажлыг эхлүүлэх аж. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлээс тодрууллаа.
Урьдчилсан байдлаар хэчнээн хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх төлөвтэй байна вэ?
2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 450 цэцэрлэгт 33 мянган хүүхэд, нийт 123 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна. Хоёр настай хүүхдүүд tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар шууд бүртгүүлэх боломжтой. Харин гурав болон таван настнууд тухайн цэцэрлэгт орон тоо гарсан тохиолдолд бүртгүүлэх боломжтой.
Нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдээс хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой байгаа вэ?
Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулахаар зорьж ажиллаж байна. 2016 онд нийт хүүхдүүдийн 67 хувь цэцэрлэгт хамрагдсан бол 2018 онд буюу өнгөрсөн жил 81,1 хувь нь хамрагдсан. Энэ жил цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 15 хувь цэцэрлэггүй үлдэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийг бухимдуулж байгаа гол асуудал бол цэцэрлэгийн хүртээмж. Цэцэрлэгийн тоо нэмэгдсэн үү?
Өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ жилийн хувьд энэ ондоо багтаад 73 цэцэрлэг ашиглалтад орно. Үүний 35 нь хичээлийн шинэ жилээс өмнө үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэсэн тооцоотой байна. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгийн орны тоо 15.500 орчмоор нэмэгдэнэ.
Зарим айл өрхүүд интернет ашиглах боломжгүй байдаг. Тэдгээр иргэдийг ямар байдлаар бүртгэх вэ?
Интернет ашиглах боломжгүй иргэдэд дүүргийн боловсролын хэлтсүүд зөвлөгөө өгч байна. Мөн тухайн боловсролын хэлтэс дээрээсээ шууд бүртгүүлэх боломжтой. Наймдугаар сарын 12-ноос цэцэрлэг тус бүр дээр бүртгэлийн үйл ажиллагааг гараар үйлдэнэ.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг нэмье гэсэн санал ихэд гарах болсон. Энэ талаар?
Цэцэрлэгийн хоол болон ЕБС-ийн үдийн цайны тухай хууль саяхан УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа хийж байгаа. Энэ талаарх мэдээллийг дараа өгнө.