
Буриад ястаны эртний уламжлалт бүжгийн "Ёохор хатар 2019" наадам Хэнтий аймгийн Батширээт суманд энэ сарын 16-19-ний өдрүүдэд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилээс Буриадын Хатар бүжгийн төрлийг нэмэгдүүлжээ.
Тус наадамд 12 хамтлагийн 300 гаруй ардын авьяастнууд өрсөлдөснөөс "Гранпри" шагналын эзнээр Хэнтий аймгийн Батширээт сумын "Тоонот" хамтлаг шалгарч, өргөмжлөл цом, 3 сая төгрөгийн эзэн болжээ. Мөн үзэгчдийн таашаалд нийцсэн хамтлагаар Дорнод аймгийн Баян-Уул сумын "Улзын шигтгээ" хамтлаг шалгарлаа. Түүнчлэн "Ёохор Хатар-2019" наадмын "НЭРЭМЖИТ ЦОМ"-ыг Зууны манлай бүжиг дэглээч, МУГЖ Ш.Одонтуяагийн ардын дуу бүжгийн "Хан Хэнтий Чуулга"-д гардуулан өгсөн аж.
Ташрамд сонирхуулахад, энэ жилийн "ЁОХОР ХАТАР-2019" наадмын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, Буриад бөхийн барилдаан, Буриад сурын харваа, Хатар жороо морьдын уралдаан, сээр цохих, тойрон хатар хийх, Буриад зоны аялгуу тоглолт зэрэг уламжлалт уралдаан наадмыг зохион байгуулжээ.