
Өнөөдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд Гэсгүй гавж лам Д.Даваасүрэн агсны лагшин эрдэнэ “ринсрэл” болор суварга залах ёслол боллоо.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Бидний багш Гандантэгчэнлин хийдийн Гэсгүй гавж лам Д.Даваасүрэн нь өнгөрсөн гахай жилийн зуны дунд сарын 17-ны өдөр таалал төгссөн. Тэрбээр таалал болсноос хойш дээд хувилгааныг үзүүлж, долоо хоног бясалгалд орсон. Энэхүү байдлыг дээд лам хуврагууд үзээд, түүний биеийг хайлуулахад их эрдэнийн үрэл болон ринсрэл гарч ирсэн. Тиймээс өнөөдөр шавь болон төрөл төрөгсөд нь хамтран энэхүү гайхамшигт дагшин шүтээнийг Батцагаан цогчэн дугандаа залж, сүсэгтэн олонд таниулах ёслол болж байна” гэв.
Нээлтийн үеэр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц “Гэсгүй гавж лам Д.Даваасүрэн багш бол буян номын үйл ажиллагаанд асар их хичээл зүтгэл гаргасан. Маань мэгзэмийг их тоолсон далдхан эрдэмтэй эгэл нэгэн хувраг байсан. Монголчууд багшаа ихэд дээдлэн шүтдэг. Багшийгаа хүндэтгэснээр дээшээ явдаг хэмээн Төвөд тэргүүтэй бурхны шашинтай газрууд монголчуудын сүсэг бишрэлийг магтан дуулсан байдаг” гэв.