
ОБЕГ-аас баяр наадмын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ болон үер усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлж байна.
Долоодугаар сарын 10-нд нутгийн зүүн хэсэг, зүүн гурван аймаг усархаг аадар бороо орно. Ялангуяа Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймгийн ихэнх нутгаар их хэмжээний усархаг бороо орно. Харин 11-нд мөн нутгаар бороо орох ч хүчний хувьд багасна. Мөн баруун болон төвийн аймгуудаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орно. 12-нд баруун төв, 13-нд баруун, 14-нд хойд, төв хэсгээр усархаг аадар бороо орно.
Борооны улмаас газрын хөрс чийг ихтэй үед агаарын температур дулаарах нь ширүүн аадар бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг. Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно. Аадар борооны улмаас нөөлөг салхи, аянгын эрсдэл өндөр байна. Тухайлбал өчигдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараад аянга буусан байна.