
Өнөөдөр Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ болон гадаадад гацсан иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийлээ.Тус зөвлөлөөс өнөөдөр гадаадад гацсан Монголчуудын нөхцөл байдлын талаар УОК-т шаардлага хүргүүлж байгаа аж.
Шаардлагын хүрээнд Гадаадаас татах иргэдийн тоог нэмэх, УОК-ийн шийдвэрт Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлөөс хөндлөнгийн хяналт оруулах, Эх орондоо ирэх иргэдийн байрлах байрыг шийдэх зэрэг гурван асуудлыг тавьж байна.
Энэ талаар Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Э.Ариунтэнгэр “Өнөөдөр Улсын онцгой комисс гадаадад байгаа иргэдийг татах асуудал дээр ямар шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй. Тухайлбал Нислэг болохоос хоёр хоногийн өмнө гадаадад байгаа иргэд рүү залгадаг. Иргэд өөрсдийн ч асуудлаа шийдэж амжаагүй байхад шинжилгээнд хамрагдах зэрэг асуудлууд үүсдэг. Тиймээс иргэдийн боломж бололцоог харгалзан үзэж шийдвэр гаргахгүй байгаа учир Хилийн чанад дахь Монголчууд зөвлөлөөс хөндлөнгийн хянагч оруулахыг хүсч байна. Мөн ирсэн хойно нь байрлах байрны асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Яагаад энэ олон дотуур байр, жуулчны баазуудыг ашиглаж болохгүй байгааг гайхаж байна” гэсэн юм.
Харин гадаадад байгаа иргэдийн зардал, мөнгөний талаар Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл” Гадаадад гацсан иргэдийн талаар худал мэдээлэл тархаж байна. Тухайлбал, эх орноосоо зугтааж явчхаад улсын зардлаар ирдэг гэсэн мэдээлэл бий. Анх Ухань хотоос авчирсан оюутнуудыг улсын зардлаар авчирснаас хойш нэг ч иргэн улсын зардлаар ирээгүй. Нэг хүн доод талдаа 4,5-5 сая төгрөгний төлбөр төлж ирдэг. Мөн нөөц боломжоороо иргэдээ авчирч байна гэсэн буруу мэдээлэл өгч байна. Манай улсад хангалттай нөөц боломж бий. Зөвхөн МИАТ-ын онгоцоор нисэх биш бусад нислэгийн компаниудаар иргэдээ татаж авчрах боломжтой” гэж хэллээ.
Тус ТББ-д 3000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт илгээсэн байна. Тэр дундаас зарим оюутнууд байрнаасаа хөөгдөж гудманд гарахдаа тулж байгаа асуудлууд үүссэн гэв.