Улаанбурхан дэгдэлт хэлбэрээр гарч буй Вьетнам улсад аялсан иргэдээс тав нь халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Өвчилсөн иргэд өнгөрсөн сарын 8-ны Хо Ши Мин-Улаанбаатар, 18-ны Фукуок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн юм. Тэгвэл уг нислэгтэй холбоогүй, гурван шинэ тохиолдол дотоодод бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хоёр, ЭХЭМҮТ-д гуравдугаар сард хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийн дундаас дотоодын халдвар бүртгэгдээд байна. Ингэснээр нийт тохиолдол найм болов. Тиймээс дээрх эмнэлгүүдээр өмнө дурдсан хугацаанд үйлчлүүлсэн хүмүүс ХӨСҮТ-д яаралтай хандах шаардлагатай аж. Товлолын дагуу улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад есөн сартай, хоёр настай хүүхдүүдийг яаралтай хамруулахыг эмч нар зөвлөж буй. Гэсэн ч халдвар авсан сүүлчийн гурван хүүхэд есөн сар хүрээгүй нялх байгаа нь аюул дагуулах болжээ. ХӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр “Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор баярын өдрүүдээр ХӨСҮТ, өрх, дүүргийн эмнэлгийн эмч, ажилтнууд тандалт, дархлаажуулалт хийлээ. Өвчний нөхцөл байдал хүндэрч, дотоодын халдварууд бүртгэгдэх болсон. Тэр дундаа вакцин хийлгэх насанд хүрээгүй буюу есөөс доош сартай хүүхдүүд өвчилж эхэлсэн. Цагаан сарын нөлөө энэ сарын 10-наас гарна гэж тооцвол эрсдэл улам нэмэгдэхээр байгаа. Тиймээс есөөс бага сартай хүүхдүүдийг олон нийтийн газраар аль болох авч явахгүй байхыг хүсье. Улаанбурхныг тууралт гарахаас нь өмнө оношлох шаардлагатай. Хэрэв нүд нуухтах, халуурах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 8901-6199, 75, 103, 100 утсаар яаралтай холбогдож зөвлөгөө, мэдээлэл авна уу” гэсэн юм.
Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Тэр дундаа хүүхдүүд халдвар авсан тохиолдолд биеийн байдал нь богино хугацаанд хүндрэх, улмаар эндэх аюултай тул амны хаалт зүүлгэх, гарыг нь тогтмол халдваргүйжүүлэхийг эмч нар анхаарууллаа.
О.Оргилох