Олон улсын жүдо бөхийн холбоо өнгөрсөн нэгдүгээр сараас хойш зургаан “Их дуулга” тэмцээн зохион байгуулж, тамирчдын цуглуулсан чансааны оноог эрэмбэлэн, Унгарын Будапешт хотод ирэх сарын 13-20-нд болох ДАШТ-д оролцох эрхтэй шилдэг 100 тамирчныг жин тус бүрээс танилцуулав. Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Б.Баасанхүү чансааг тэргүүлж буй бол ОУХМ Г.Наранцэцэг 13, Ж.Анударь 25 дугаар байрт бичигдлээ. Тэгвэл 52 кг-ын жинд Л.Сосорбарам 15, Б.Уранзаяа 47, М.Нандин-Эрдэнэ 67-д жагссан. 57 кг-д Т.Ариунзаяа 41, 63 кг-д Б.Ганхайч 19, 63кг-д Л.Энхрийлэн 42, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ 52, Д.Есүй 68, 78 кг-д О.Хүслэн 29, +78 кг-д А.Адъяасүрэн 23, Д.Номинзул 38-д эрэмбэлэгджээ. Эрэгтэйчүүдээс эхний 100 байрт 60 кг-ын жинд Э.Аринуболд 17, К.Ёолк 62, Э.Сумъяабазар 84-т орсонюм. 66 кг-д зодоглодог жүдочдоос Гавьяат тамирчин Ё.Басхүү 14, ОУХМ Б.Эрхэмбаяр 16, Ө.Жанцандорж 86, Г.Хэрлэн 92, 73 кг-д Б.Эрдэнэбаяр 15, Л.Анхзаяа 27, О.Уранбаяр 89-д багтсан байна. 81 кг-ын жинд хүч сорьдог Г.Болор-Очир 51, О.Шинэбаяр 83, 90 кг-д Г.Алтанбагана 69, хүнд жинд болох -100 кг-д Б.Хүдэрчулуун 89, +100 кг-д Б.Гончигсүрэн 60-д жагсав. “Тбилис-2025”, “Душанбе-2025”, “Астана-2025” “Их дуулга” болон Азийн АШТ-ээс медаль хүртсэн тамирчдын чансаа дээшилсэн. Тухайлбал, Астанагийн “Их дуулга”-аас хүрэл медаль гардсан Гавьяат тамирчин Л.Энхрийлэн 1065 оноогоор 320-иос 278 байр урагшлан, 42-т бичигдлээ.
Сонирхуулахад, жүдогийн спортоос “төрсөн” хос Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар ДАШТ-д оролцох эрхтэй болжээ.