Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг эмхэтгэж дууссанаа маргааш танилцуулна. Уг судалгаанаас банк, санхүүтэй холбоотой мэдээллийг хүргэе. Манай улсын гүйлгээнд гаргасан нийт бэлэн мөнгөний хэмжээ 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 0.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
Түүнчлэн төгрөгийн хадгаламж өнгөрсөн сарын эцэст 21.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оныхоос 3.3 их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Төгрөгийн хадгаламжийн 19.2 их наяд нь иргэдийнх, 2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх. Мөн валютын хадгаламж 5.2 их наяд төгрөг болж, 874.4 тэрбумаар нэмэгджээ.
Тэгвэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өр 39.8 их наяд төгрөг болж, өнгөрсөн оныхоос 9.9 их наядаар нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хадгаламж нэмэгдсэн ч хоёр дахин их зээлтэй гэсэн үг. Нийт зээлийн 60.1 хувь нь иргэдийнх аж. Ипотект хамрагдсан иргэдийн нийт мөнгөн дүнгээс 139.2 тэрбум нь анхаарал хандуулах, 86 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд багтсан байв.
О.Оргилох