Монголын авто мастеруудын холбоо энэ оны “Шилдэг залуу тамирчин”-ыг тодруулах таван цуврал уралдааны дараах байдлаар бусдыгаа хошуучилж буй топ 15 тамирчныг зарлажээ. Өмнөх чансааг тэргүүлсэн “Аваргууд” клубийн тамирчин, найм дугаартай Г.Сүхболд “Мөнгөн шонхор” мастер кросс уралдааны шигшээ гараанд техникийн саатлын улмаас тэмцээнийг орхисон. Түүний араас нэхсэн тус клубийн тамирчин, гурав дугаартай Ц.Дашням IV байр эзэлснээр чансааг тэргүүлж эхэлсэн. Өмнөх дөрвөн уралдааны түрүүг 68 дугаартай Ш.Гомбодорж, 35 дугаартай Х.Улам-Өрнөх нар тэргүүлсэн юм. “Мөнгөн шонхор” мастер кроссын дараа клубуудын шинэчилсэн чансааг танилцуулахад “Зэв” клубийнхэн үзүүлсэн амжилтаараа байр урагшлан тэргүүн байрт бичигдлээ. Тэдний ард өнгөрсөн жил шилдгээр шалгарсан “Аваргууд”, VX racing team” клубийнхэн шил дарж байна. Дараагийн цуврал “Цонжин болдог”-ийн Элстэйд “BAJA150” уралдаан энэ сарын 17-нд эхэлнэ.