Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардан иргэд төв талбайд “Огцрох амархан” жагсаалыг хоёр дахь өдрөө зохион байгууллаа. Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн болон түүний найз охин Ө.Өгөөмөр нарын сошиал хуудсандаа гайхуулсан тан - саг хэрэглээний эх үүсвэр нь юу болох талаар тайлбар хийх, орлогоо нотло - хыг шаардан иргэд ийн жагсаж буй юм. Хүүгийнхээ тансаглалын талаар гүйцэтгэх засаглалын тэргүүн өчигдрийн байдлаар ямар нэгэн албан ёсны тайлбар хийсэнгүй. Харин тэрбээр УИХын чуулганы өчигдрийн хуралдаанаас чөлөө авсан гэх. Албан тайлбар өгөх нь бүү хэл, ажлаа хийдүүлж, “зугтсан”-д иргэд бухимдалтай байна. “Төв талбайд болж буй жагсаалд сайн дураараа нэгдсэн иргэд “Орлогоо нотлох амаргүй. “Огцрох амархан”, “Бэрх”-ийн үеэлүүдийг тэжээхэд бэрх боллоо” гэх мэт уриа лоозон барьжээ. Өчигдөр 14.00 цагт эхэлсэн жагсаалд оролцогчдын олонх нь залуус. Жагсаалд нэгдэгсэд тухлаад суучихсан, зохион байгуулалт сайтай, тайван за - маар үзэл бодлоо илэрхийлж буйг цахим орчинд олон нийт сайшааж байлаа. Үүний зэрэгцээ жагсаалыг “самрагчид” цөөнгүй ирснийг залуус шүүмжилсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах хэд хэдэн үндэслэл бий гэж тэд үзэж буй. Тухайлбал, инфляцын эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй, ажилгүйдэл, ядуурал буураагүй, түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч зарцуулалт нь ил тод бус, хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчингүй болсон, ардчиллын индексээр сонгуулийн автократ ангилалд шилжсэн, хэвлэлийн эрх чөлөө хумигдсан, хүү О.Тэмүүлэнгийнх нь тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй зэргийг дурджээ. Мөн Г.Доржтүвдэн гэх иргэн www. uih.mn сайтад Ерөнхий сайдыг огцруулах өргөдөл үүсгэн, иргэдээс гарыг үсэг цуглуулж эхэлсэн байна. 16.30 цагийн байдлаар тус цахим өргөдөлд 37 543 хүн гарын үсэг зуржээ.
Түүнчлэн жагсаалын үеэр иргэд Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж үзэн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түү¬ ний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд тархсан мэдээллийг шалгуулахаар нэр бүхий хүмүүс Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хандсан билээ. Тус газрынхан иргэдийн гомдлыг хүлээн авч, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Тодруулбал, О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбар өгөхийг АТГ-аас мэдэгдсэн байна. Үүний дагуу тэрбээр ирэх долоо хоногт ирж, тайлбар мэдүүлэг өгөхөөр болжээ.
Ч.Болор