Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Jeju Air” компанийн онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн зарим ар гэрийнхэн нь Өмнөд Солонгосын Тээврийн сайд, тус компанийн гүйцэтгэх захирал зэрэг 15 хүнд мэргэжлийн хариуцлага алдсан гэх үндэслэлээр эрүү үүсгэх хүсэлт шүүхэд гаргажээ. Энэ тухай BBC мэдээлэв.
Онгоцонд явсан 181 хүний 179 нь амь үрэгдсэн онгоцны ослыг илүү нарийвчилсан мөрдөн шалгахыг хохирогчдын ар гэрийн 72 хүн шаарсан байна. Уг осол нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хамгийн олон хүний ами насыг авч одсон гамшиг аж.
Тэд энэ ослыг "зүгээр нэг золгүй явдал" бус "урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлийг зохицуулахад хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй иргэний томоохон гамшиг" гэж мэдэгджээ.
Онгоц яагаад Муан олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийж, улмаар шатах болсныг холбогдох албаныхан бараг таван сарын турш шалгаж байна.
Энэхүү сүүлийн гомдол гарахаас өмнө цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд “Jeju Air” компанийн гүйцэтгэх захирал Ким И-бэг тус улсаас гарахыг хориглосон байсан ч эл хэрэг явдалтай холбогдуулан хэн нэгэнд ямар ч ял оногдуулаагүй байна.
Хохирогчдын хамаатан садны нэг Ким Да Хе мөрдөн байцаалтад ахиц дэвшил гарахгүй байна хэмээн буруушаажээ. Тэрбээр хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ "Бид уур хилэн, цөхрөлөөр дүүрэн байна. Энэ онцгой арга хэмжээг авч, эрүүгийн хэрэг үүсгэснээр бид цэглэхгүй, үнэнийг олоход эцсээ хүртэл явна" гэжээ.
Хариуцлага алдсан гээд байгаа 15 хүний дотор төрийн албан хаагчид, агаарын тээврийн компанийн ажилтнууд болон барилга угсралт, хяналт, байгууламжийн удирдлага, шувууны хяналтыг хариуцдаг нисэх буудлын ажилтнууд багтжээ.
Гомдолд ослын нөхцөл байдлын талаар, тэр дундаа агаарын хөдөлгөөний удирдлага зохих ёсоор хариу өгсөн эсэх, хөөрөх зурвасын төгсгөлд даланг бэхэлсэн нь дүрэм зөрчсөн эсэх зэрэг асуултуудыг тавьжээ.
Боинг 737-800 онгоц 12-р сарын 29-ний өглөө Тайландын нийслэл Бангкокоос хөөрч, Өмнөд Солонгосын Муан хотыг зорьжээ.
Нисгэгчид Муан олон улсын нисэх онгоцны буудалтай холбоо барьснаас хойш таван минутын дараа шувуутай мөгөлдлөө хэмээн мэдэгдээд, ослын дохио өгсөн байна.
Нисгэгчид эсрэг талаас буух гэж оролдох үеэр онгоцны дугуй гаралгүй, гэдсээрээ газардаж дараа нь зурваснаас гарч, бетонон байгууламжийг мөргөж, дэлбэрчээ.
Энэ оны эхээр мөрдөн байцаагчид онгоцны хоёр хөдөлгүүрээс шувууны өд олдсон гэж мэдэгдсэн ч шувуутай мөргөлдсөн нь осолд хэр нөлөөлсөн талаар дүгнэлт хийгээгүй байна.
Ослын дараа хохирогчдын зарим ар гэрийнхэн ч цахим сүлжээгээр хуйвалдаан, хэл аманд өртжээ.
Тухайлбал тэднийг эрх баригчдаас нөхөн төлбөр авсандаа “учиргүй баярласан” гэх, эсвэл “хуурамч хохирогчид” гэсэн таамаглал ч гарч байв.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар ийм төрлийн бусармаг, гүтгэлгийн шинжтэй мессежийг цахим орчинд нийтэлсэн найман хүнийг баривчилжээ.