Монголын буудлага спортын дасгалжуулагч, ОУХМ С.Адилбишийн нэрэмжит “Бидний бахархал” тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодруулав. Дээрх тэмцээнд хот, орон нутгийн 150 гаруй тамирчин онч сорьжээ. Тэмцээний уур амьсгалыг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон хамгийн их оролцогчтой төрөл нь хэвтээ байдлаас буудах “Hit 5” байв. Уг төрөлд үндэсний шигшээ багийнхнаас ОУХМ О.Есүгэн 52.2 оноогоор тэргүүлсэн юм. Тэрбээр 50 метрийн хэвтээ 60 сумны дасгалд 627,4 онож, дээд амжилт тогтоолоо. Харин 10 метрийн хийн гар бууны төрөлд эрэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваахүү 239.5 оноогоор алт, “Хилчин” спорт хорооноос Э.Бадамгарав (232.9) мөнгө, Ш.Буянзаяа (213.1) хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс Г.Хэрлэнцэцэг 235.8 (“Алдар”), Т.Баярцэцэг 229.4 (“Аврагч”), О.Мөнхзул 209.6 оноогоор (Сонгинохайрхан дүүрэг) эхний гурван байрт шалгарав.