АНУ-ын агаарын тээврийн “United airlines” компани энэ сарын 1-нээс Токиогоор дамжин Улаанбаатар луу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн билээ. Эл чиглэлийн нислэгийн тийз ихээхэн эрэлттэй байгаа бөгөөд долоо, наймдугаар сарынх нь борлуулагдаж дууссаныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв.
Орос, Украины дайны нөхцөл байдлаас үүдэлтэйгээр хойд хөршөөр дамжин манай улсад ирдэг европ жуулчдын урсгал сүүлийн жилүүдэд татарсан. Харин Америк, Монголын хооронд нислэг үйлдэж эхэлсний үр дүнд европ, америк жуулчдын тоо энэ зун эрс нэмэгдэх төлөвтэйг дээрх холбооны мэргэжилтэн Б.Дуламсүрэн хэлэв.
Энэ оны эхний дөрвөн сард манай улсад 160 орчим мянган жуулчин ирсэн. Үүний 1.3 хувь буюу 2000 гаруй нь л америк жуулчин байв. Оны сүүлч гэхэд эл үзүүлэлт багадаа 10 хувьд хүрч өснө хэмээн мэргэжилтнүүд тооцож байна. Ташрамд дурдахад, “United airlines” компанийн “Boeing 737-800” агаарын хөлөг нь энгийн болон бизнес ангиллын нийт 166 суудалтай бөгөөд Монгол руу долоо хоногт 3-4 удаа нислэг үйлдэж буй гэнэ. Нислэгийн тийзийн үнэ нэг талдаа хоёр сая, хоёр талдаа 3.9-4.2 сая орчим төгрөг аж.
Ж.Сувд