Бидний оршинбуй энэ газар нутагт эртнээс улс үндэстэн, хүн амьдрансууж байсныг батлах булш, хиргисүүр, археологийн олдворууд бол Монгол Улсын соёлын өвийн нэг хэсэг. Үлэг гүрвэлийн ул мөр өдий хүртэл хадгалагдаж, палеонтологийн олдвор болж дэлхий нийтийг гайхашруулдаг чулуужсан яснууд ч манай орны үнэт баялаг. Бурхны шашин Монголд удаа дараа дэлгэрч, хумигдаж байсан үеийн эд өлгийн зүйлс ч манай соёлын өвд тооцогддог учиртай. Хэдийгээр орчин үеийн гэж нэрлэж буй ч 1921 оноос хойших үеийн зураач, урчуудын бүтээсэн, улсын сан хөмрөгт авсан уран зураг, сийлбэр, цутгамал, хөөмөл, наамал урлал ч түүхэн үнэ цэнтэй гэж үзсээр буй. Энэ бүхэн Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг гэж дүгнэхэд ч хэтрүүлсэн болохгүй.
Гэвч тусгаар тогтнолын баталгаа, үндэстний дархлаа болсон түүх, соёлын өв, үнэ цэнтэй дурсгалт зүйлсийг сохор зоосоор арилжиж, алс ирээдүйгээ бус, өнөө маргаашаа боддог хэдхэн наймаачдын гороор хил дамжуулан зарагдаж, харийн оронд өндөр үнээр худалдаж буй нь ч цөөнгүй.
Уг нь соёлын өвийн хууль бус худалдаатай цагдаа, прокурор, шүүхийнхэн өөрсдийнхөө боломжит хэмжээнд тэмцэж, ченжүүдийг нь ч анхааралдаа авч, цөөнгүй хэргийг эцэслэн шийдвэрлүүлсэн байдаг. ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Прокурорын газар, Соёлын өвийн үндэсний төв, гааль, тагнуул зэрэг байгууллага хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн 2024 оны зун зохион байгуулсан. Тухайн үед ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн “Сүүлийн гурван жилд хэрэг бүртгэлтийн 30 хэрэг шалгаж, 15-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдогчдыг нь яллагдагчаар татсан. Соёлын өвийн эсрэг найман бүлгийн 16 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Эд мөрийн баримтаар түүх, соёлын 144 эд өлгийн зүйлс хураан авсныг шүүх улсын орлого болгож, Соёлын яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн” хэмээн мэдээлж байсан юм. Харин шүүхийн шийдвэрийн цахим хуудсанд соёлын өвийн гэмт хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2024 онд найм, энэ он гарсаар гурав л байна. Шүүхээр шийдвэрлэсэн хэрэг дунд Хүннү гүрний үеийн булш, хиргисүүр тонож, олон зуун эд өлгийн зүйлс олж борлуулсан хүмүүсийн үйлдэл ч бий. Түүх, соёлын, археологи, палеонтологийн эд зүйлийг худалдсан, тусгай багаж, төхөөрөмж ашиглан ухаж олборлосон хүмүүст шүүх дандаа л торгох ял оноож байгаа юм. Өөрөөр хэлбэл, соёлын өвөө сохор зоосоор арилжаалагсдад хэтэрхий хөнгөн ял шийтгэж байгаа гэсэн үг. Үүнд шүүхийн буруу огт байхгүй. Хууль тогтоогчдын баталсан Эрүүгийн хуулийн энэ төрлийн гэмт хэрэгт оноох хариуцлага нь хөнгөн учраас үүнээс илүүг олдог ченжүүдэд нэг сүртэй зүйл биш ч байж болох.
“БАРС” ЗАХЫН ЭЗЭНД 70 САЯАР ХУДАЛДСАН БУРХНЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГООГҮЙ НЬ ХАЧИРХАЛТАЙ
Шүүхээр шийдвэрлэсэн соёлын өвийн эсрэг гэмт хэргүүдийн шийтгэх тогтоолоос үзэхэд дийлэнх нь хууль бусаар олсон эд өлгийн зүйлсийг улсын орлого болгож, салбарын яаманд шилжүүлэхээрболсныг дээр дурдсан. Хамгийн сүүлд гэхэд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх М.Мөнх-Эрдэнэ, Н.Монхоо нарт холбогдох хэргийг хүсэлтийнх нь дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 3-6 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Орон нутгаас эртний Их Монгол Улсын үед хамаарах булш, хиргисүүр ухаж, авсан эд зүйлээ эртний эдлэлийн ченжид худалдсан, худалдан авсан энэ хоёр хүнээс хураасан эд мөрийн баримт болох 39 нэр, төрлийн түүх соёлын дурсгалт эд зүйл, мөнгөн аяга, суулга (цом) зэргийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хүлээлгэн өгөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.
Мөн дээрх шүүх Б.Нэргүй, Б.Баярсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцээд Хүннүгийн үед хамаарах дуут зэв, Дундад зууны буюу Их Монгол Улсын үед хамаарах навчит зэв, дэгээ хэлбэрийн төмөр эдлэл, бүсний чимэглэл зэрэг археологийн 10 олдворыг хууль бусаар худалдахыг завдсан гэм буруутайд тооцож, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгээд эд мөрийн баримтуудыг дээрх яаманд шилжүүлэхээр болсон юм.
Уг нь шүүх хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх соёлын өвийн нэгэн хэргийг 2023 онд шийдвэрлэхдээ үүнийг зөрччихөөд буйг өнөөдөр хэн ч тоохгүй байна. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 26-ны 619 дүгээр шийтгэх тогтоолоор О.Үнэнзаяад хариуцлагатооцсонюм. Шүүх түүнийг археологи, палеонтологийн малтлага хууль бусаар хийж, соёлын биет өвийг олж авсан, 2022 оны зургаадугаар сарын 1-нд хууль бус худалдаа гэртээ зохион байгуулж, 70 сая төгрөгөөр Ч.Амарбаатарт худалдан борлуулсан гэм буруутайд тооцон торгох ял шийтгэсэн юм. Гэтэл “Барс” захын эзэн Ч.Амарбаатарт 70 саяар худалдсан гэх Монголжийбуу бурхныг хэрхэхийг шүүх шийдвэрлэлгүй өнгөрсөн нь хачирхалтай. Уг нь Эрүүгийн хуулийн 7.5-5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан атал уг заалтыг шүүгч П.Ариунболд хэрэглээгүй байх юм. Тэгэхээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгшбайх зарчмыг шүүгч өөрөө алдагдуулж буйг энэ жишээ харуулж байгаа бус уу.
АРХЕОЛОГИ, ПАЛЕОНТОЛОГИЙН ДУРСГАЛТ ЗҮЙЛС ХАДГАЛЖ БАЙСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл өчигдөр 09.00 цагт Х.Болдбаатарт холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон боловч шинжээч хуралд ирээгүй учраас хойшлуулжээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа Эрүүгийн хуулийн 25.3-1 дэх хэсгийн “Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн уг хэргийн холбогдогч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүн буюу эхнэрийнх нь төрсөн дүү. “Их тэнгэр” цогцолборт байсан бүтээлүүдээс алга болсны нэгийг Х.Болдбаатарын эзэмшлийн галерейгаас олсон гэх дуулиан хэдэн жилийн өмнө дэгдэж байсныгуншигчид санаж буй биз ээ. Уг хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж дуусаад ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод буй аж.
1989 онд “Их тэнгэр” рүү шилжүүлсэн 40 бүтээлээс 17-г нь улсын сан хөмрөгт буцаан авсан бол тодорхой тооны уран зургууд алга болсон, солигдсон нь тооллого, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт зэргээр батлагдсан юм. Тиймээс Уран зургийн галерейнхан цагдаа, прокурорын байгууллагад алга болсон, солигдсон зургийг олж илрүүлэх, ийм хууль бус үйлдэл хийсэн эзэн холбогдогчийг нь олж тогтоох хүсэлт гаргаснаар ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн билээ. Үүний хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүн буюу хадам дүү Х.Болдбаатар гэх хүний байгуулсан, хуучнаар “Ардын эрх”-ийн байранд байрлах “Нью фолдер арт” ХХК-ийн галерейд 2019 онд хууль сахиулах байгууллагынхан үзлэг нэгжлэг хийж, хэд хэдэн уран зургийг хураан авсан байдаг. Гэвч НПГ-ын хяналтын прокурорын 172 дугаартай тогтоолоор уг хэргийг гэмт бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ талаар Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Монгол арт” галерейгаас “Бугуйлч” гэдэг бүтээл гарч ирсэн” гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд “С.Нацагдоржийн 1960 онд бүтээсэн 5592-297 дугаартай уран зургийн бүтээлийг Уран зургийн галерейд хүлээлгэн өгөх, Содномцэрэнгийн Дорноговийн нутаг, Д.Амгалангийн “Ээж уул”, С.Рэнцэнгийн 50х62 см хэмжээтэй 1982 гэсэн бичигтэй нэг, М.Цэмбэлдоржийн “Зуны орой”, Н.Цүлтэмийн “Далайн эрэг”, Д.Амгалангийн “Наран Бэгэр”, М.Цэмбэлдоржийн нэр тодорхойгүй нэг гээд нийт есөн ширхэг бүтээлийг иргэн Х.Болдбаатарт буцаан хүлээлгэн өгөхийг ЭЦА-ны мөрдөгчид даалгасугай” гэжээ.
Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэлтэй, Монголын зураач урчуудын бүтээсэн сор бүтээлүүдээс ийнхүү хэрхсэн нь тодорхойгүй олон зураг алга болсон хэргийг прокурорын шийдвэрээр хаасанд тус галерейнхан төдийгүй, зураачид ч сэтгэл дундуур буйгаа бол илэрхийлж хэвлэлийн бага хурал хийж байв.
Тэгвэл Х.Болдбаатарыг дээрх “Бугуйлч” гэдэг зургийг завшсан гэх хэрэгт холбогдуулангэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод буй юм. Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэлтэй зураг завшсанаас гадна археологи, палеонтологийн олдвор хууль бусаар хадгалж байсан хэмээн шалгасан гэдэг. Тодруулбал, Х.Болдбаатарын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд, банк бус санхүүгийн байгууллагад шалгалт хийгээд чулуужсан мод, хадны зургууд, эртний бүсний чимэглэл зэргийг хадгалж байсныг тогтоон, Соёлын өвийн үндэсний төвийн болон ШУА-ийн холбогдох хүрээлэнгийн мэргэжилтнүүдээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан аж. Уг дүгнэлтээр археологи, палеонтологийн олдвор, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл мөн гэдгийг тогтоосон юм билээ. Гэвч шүүхэд зөвхөн уран зураг завшсан гэх үйлдэл нь шилжээд буй бололтой.