Дэлхийн цахим боловсролын чуулга уулзалт “Боловсролын хөгжил ба шинэчлэл-оюун ухааны эрин үе” сэдвийн хүрээнд БНХАУ-ын Ухань хотноо өчигдөр эхэллээ. Уулзалтад Боловсролын сайд П.Наранбаяр оролцож буй. Дэлхийн улс орнуудын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цахим шилжилтийг дэмжих, туршлага солилцох нь тус арга хэмжээний зорилго. Өнөө жил оролцогчид сургалт, суралцахуй, удирдлага, үнэлгээ, судалгаа гэсэн ерөнхий сэдвийн дор боловсролын салбарын бүх шатан дахь дижитал шийдэл, технологийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар хэлэлцэнэ.
Сүүлийн жилүүдэд цахим боловсрол нь тэгш хүртээмж, ил тод байдал, насан туршийн суралцах боломжийг нэмэгдүүлж, шинэ хэв маягийг бүрдүүлж байгааг олон улсын байгууллагууд онцолжээ. Чуулганы эхний өдөр дэлхийн цахим боловсролын өнөөгийн нөхцөл байдал, хөгжил, хэтийн төлөв зэрэг бодлогын хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна Цахим боловсролын дэлхийн хөгжлийн индексийг танилцуулсан байна. Мөн үзэсгэлэнгийн танхимуудад хиймэл оюун ухааны чиглэлээр хийгдэж буй шинжлэх ухаан, технологийн дэвшил нь боловсролын салбарт хэрхэн нэвтэрч, хөгжилд нь нөлөөлж байгааг харуулсан нь онцлог болжээ.
Чуулганд 70 гаруй орны төр засгийн төлөөлөгчид, НҮБ болон олон улсын байгууллагууд, Элчин сайд нар, дижитал технологийн мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн судлаачид, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол сургалтын төвийнхөн оролцож байгаа аж.
М.Гэгээ