Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан Дэлхийн банк, Японы Нийгмийн хөгжлийн сангийнхны дэмжлэгтэйгээр “Цахим хоршоо” төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд “Монголын ноос, ноолуурын холбоо” төрийн бус байгууллагынхантай хамтран мал¬ чид, хоршоод, үйлдвэрлэгчдийн нэгдсэн арга хэмжээг Баянхонгор аймагт зохион байгууллаа. Энэ үеэр малчид, хоршоодын төлөөлөлтэй ноолуур бэлтгэн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Тодруулбал, Ховд аймгийн “Алтайн уулсын оргил” дундын хоршооны дөрвөн үйлдвэр, “Баялаг сутайн хөгжил” хоршоо, Баянхонгор аймгийн “Өгөөж баян Өлзийт гол”, Архангай аймгийн “Агуйт Баянхангай” хоршооныхонтой тус гэрээг үзэглэсэн байна. Мөн малчдыг ноолуур бэлтгэлийн чанарын шаардлагыг хэрхэн хангах, өнгө, чанараар нь ангилан ялгаж, бэлтгэх арга, ямаа самнах тавцан, инновац шингэсэн багаж, технологи ашиглах зэрэг онол, дадлага хосолсон сургалтад хамруулжээ. Гэрээний хүрээнд малчид, хоршоодын төлөөллийг ноолуур үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцуулах, тэр дундаа түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх л үе шаттай танилцуулах, үйлдвэрүүд нь хоршоодтойгоо хамтын ажиллагаагаа өргөжүүлж, түүнийгээ дүгнэх гэнэ. Ингэснээр малчдын ноолуурын үнэ тогтворжиж, өсөх, дамлан худалдах байдал буурна гэв. Дээрх арга хэмжээнд үндэсний томоохон үйлдвэрлэгч “Говь”, “Кашемир холдинг”, “Ханбогд кашемир”, “Өгөөж шим”, “Гоёл кашемир”, “Хатант интернэшл” компанийнхан оролцсон аж.
М.Гэгээ