Манай улс ХДХВ/ДОХ-ын халдварын бага тархалттай орны тоонд ордог ч эрсдэлт бүлэг өндөртэй, нийт хүн амын дундах бэлгийн боловсрол дутмаг, уг өвчин хурдацтай нэмэгдэж буй хоёр гүрний дунд оршдог зэрэг нь маш том аюул дагуулах болжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн энэ оны эхний дөрвөн сарын статистик мэдээгээ саяхан эмхэтгэсэн. Уг судалгаагаар он гарснаас хойш есөн хүн ДОХ-ын халдвартай нь оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. ДЭМБ-ын судалгаагаар бөмбөрцгийн хэмжээнд 2022 оны байдлаар 39 сая хүн ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч буй бөгөөд үүний 1.5 сая нь 15-аас доош насны хүүхдүүд гэнэ.
Монголд 1992 онд угхалдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнгөрсөн жилийн эцсийн байдлаар нийт 388 хүн оношлогджээ. Тухайн онд 19 хүн шинээр халдвар авсан байна. Тэгвэл энэ он гарснаас хойших халдварын тархалтыг нэмбэл нийт өвчилсөн хүний тоо өдгөө 397-д хүрээд буй.
Халдвар авсан нийт хүний 51 нь нас барсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлсэн. Нийт тохиолдлын 85.1 хувь нь эрчүүд, үлдсэн нь эмэгтэйчүүд бол нэг хүний хүйс тодорхойгүй гэв. Халдвартай хүмүүсийн олонх нь 20-44 насныхан аж.
О.Ундрах