Анхны тусламж гэж юу болох, ямар ач холбогдолтой, хэрхэн үзүүлэх ёстой талаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын дарга, анхны тусламжийн мастер багш, хүний их эмч Б.Гантулгатай ярилцсанаа хүргэе.
-Анхны тусламж яагаад чухал болох талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ нь аливаа осол, гэмтэл, эрүүл мэндийн болон сэтгэл зүйн хямрал, цочролын үед мэргэжлийн байгууллагынхан ирэхээс өмнө цаг алдалгүй гарын доорх материал ашиглан өөртөө болон бусдад үзүүлж буй тусламж юм. Өөрөөр хэлбэл, хөдөө, эсвэл эмч очиход хол байгаа тохиолдолд хамгийн ойр буй хүн анхны тусламж үзүүлж, бэртэж, гэмтсэн хүмүүсийн амийг нь аврах, цаг хожих боломжтой гэсэн үг. Цаашлаад тухайн хүнийг урт удаан хугацааны эмгэгтэй болохоос нь урьдчилан сэргийлэх боломжтой. Гэхдээ анхны тусламж үзүүлэхдээ зөв ойлголт, мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Олон улсын судалгаа, нотолгоотой заавар, зөвлөмжийн дагуу анхны тусламжийг үзүүлэх хэрэгтэй. Гэнэтийн осол, үйл явдалд өртсөн хүмүүсийн бие махбодоос гадна сэтгэл зүй ч цочирдож, хямарсан байдаг. Энэ үед сэтгэл зүйн анхны тусламжийг давхар үзүүлэх шаардлагатай. Тиймээс бид сүүлийн үед зөвхөн биеийн бус, сэтгэл зүйн хямралын үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх зөвлөмжийг иргэдэд өгч байгаа. Энэ онд шинэчилж буй зөвлөмжид үүнийг илүү нарийвчлан тусгасан. Ингэхдээ тайвшруулах, итгэл төрүүлэх, хийж буй тусламждаа татан оролцуулж, хамтран ажиллах хэрэгтэй. Тайвширсан хүн чинь наанадаж гүнзгий амьсгаа авч, тусламж үзүүлж буй хүндээ итгэнэ. Энэ нь анхны тусламжийн үр дүнг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй болохыг судалгаагаар тогтоосон.
-Манай улсад анхны тусламжийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй гэх хүн цөөнгүй юм билээ.
-Тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадал, эдийн засаг болон иргэдийн боловсрол, хүний хөгжил зэргээс хамаараад анхны тусламжийн хүртээмж харилцан адилгүй байдаг. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад анхны тусламжийг иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсролын нэг хэсэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, иргэд анхны тусламжийн талаар мэдлэг, мэдээлэл, туршлага арвинтай байх тусам эрүүл мэндийн байгууллагууддаа дэмтэй гэсэн үг. Харин манайд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа харьцангуй учир дутагдалтай гэж хэлнэ. Ялангуяа ерөнхий боловсролын сургуульд энэ талын мэдлэг, мэдээлэл тэр бүр өгдөггүй. Хүүхдүүдэд багаас нь анхны тусламж гэж ийм зүйл байдаг, хэрэв чиний ойр орчимд хэн нэгэн осолдож, бэртвэл ингэж тусална гэдгийг сайтар зааж сургах учиртай. Харин сүүлийн жилүүдэд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас энэ төрлийн боловсрол олгох хичээлүүдийг үе шаттайгаар сургалтын хөтөлбөрт оруулах, нийгмийн эрүүл мэндийн нэг хэсэг болгон, иргэдэд осол, гэмтэл тохиолдсон үед зөв тусламж үзүүлэхэд анхаарч эхэлж буй нь сайшаалтай. Нийтэд зориулсан анхны тусламжийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Олон улсын улаан загалмай холбоо тэргүүлэн ажиллаж байгаа. Монголын улаан загалмай нийгэмлэг тус холбооны гишүүн. Мөн Олон улсын улаан загалмайн Улаан хавирган сар холбооны дэргэдэх дэлхийн анхны тусламжийн сургалт, боловсролын лавлагаа төв гэж бий. Энэ төвийнхөн анхны тусламжийн боловсрол олгох, сэхээн амьдруулах зөвлөмжийг дөрвөн жил тутамд боловсруулан гаргадаг. Уг зөвлөмжийн дагуу гадаадын орнууд ч үндэсний зөвлөмжөө боловсруулна. Бид үүний дагуу иргэдэд анхны тусламжийн боловсрол олгох, сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэх, ямар нэгэн осол, олныг хамарсан гамшиг болоход хүмүүс нэгэндээ тусалдаг, сайн дурын идэвхтнүүдийг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд дайчилдаг тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.
-Анхны тусламж үзүүлэх боломжгүй, эрсдэлтэй нөхцөлд ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Анхны тусламж үзүүлэх шаардлагатай олон тохиолдол бий. Тухайлбал, осолд нэрвэгдсэн хүмүүст эл тусламжийг үзүүлнэ. Мөн цус алдаж, яс нь хугарсан, амьсгалын замын хүнд дутагдалд орсон, түлэгдсэн гэх мэтчилэн гэмтлийн үед үзүүлдэг. Гэхдээ анхны тусламжийг олон нийт буюу мэргэжлийн бус хүмүүс үзүүлж буй учраас аюулгүй байдлаа хангах нь хамгийн эхний алхам. Өөрөөр хэлбэл, тухайн осол болсон орчин аюулгүй байх ёстой. Онгоцонд, галт тэргэнд, тээврийн хэрэгсэл, усан дотор, хязгаарлагдмал орон зайд, гамшгийн бүстэй ойролцоо гээд ямар ч орчин, нөхцөлд осол гарч, тусламж үзүүлж болно. Энэ тохиолдолд анхны тусламж үзүүлэх нь нэлээд бэрхшээлтэй. Тухайн ослын газар аюултай бол өөрөө ч нэрвэгдэгч болох эрсдэлтэй шүү дээ. Тиймээс өөрийгөө болон бусдыг ослын нэрвэгдэгч болохоос сэргийлэх нь зүйтэй. Хэрэв аюултай орчинд буй бол нэрвэгдсэн хүний тоог нэмэхгүйг хичээж, эрсдэлийг үнэлэх хэрэгтэй. Үүний дараа осол болсон газрын аюулгүй байдлыг бүрэн хангаж байж анхны тусламж үзүүлнэ. Харин ямар нэгэн аюул, эрсдэлгүй үед шууд анхны тусламж үзүүлж болох юм.
-Аялал, зугаалгын улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд гол, нуурын дэргэд амарч, усанд сэлэх нь нэмэгдэхийн хэрээр живсэн хүний тоо ч олширдог шүү дээ. Ийм хүнд анхны тусламжийг хэрхэн үзүү- лэх талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Зун цаг, аялал, жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүмүүс гол, ус руу олноор орох, живэх нь цөөнгүй. Хэрэв живсэн нэгнээ аврах гэж буй бол хамгийн түрүүнд гол, мөрний ширүүн урсгалтай усанд сэлж чадах уу гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Бассейнд болон ширүүн урсгалтай голд сэлэх нь эрс ялгаатай байдаг. Би бассейнд сайн сэлдэг учраас ямар ч усанд асуудалгүй гэж бодох нь хэтэрхий өрөөсгөл юм. Мөн ойр орчмынхоо хүмүүсийн чадвар бололцоог ч үнэлэх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүд живж буй тохиолдолд уснаас татан гаргах нь нэлээд өндөр чадвартай хүний л хийх ажил. Тухайн тусламж үзүүлэгч нь үнэхээр сайн сэлдэг бол живж буй хүний ардаас дөхөж очоод, хаанаас нь яаж татан гаргах гэж байгаагаа сайтар тайлбарлах хэрэгтэй. “Битгий сандраарай”, “Эндээс бариарай” гэх мэтээр тайвшруулж, маш болгоомжтой хандах ёстой. Эрсдэлээ дутуу үнэлсний улмаас живж буй хүнийг аврахаар гол, нуур луу ороод хамт осолдсон тохиолдол ч цөөнгүй. Уснаас гаргасны дараа тухайн хүн ухаангүй болж, амьсгалын зам бөглөрсөн байх нь түгээмэл. Энэ тохиолдолд шууд зүрх, уушгины сэхээн амьдруулах арга хэрэглэх ёстой. Үүнээс өөр арга зөвлөдөггүй.
-Зүрх, уушгины сэхээн амьдруулах аргыг ямар зарчмаар хэрхэн хийдэг вэ?
-Зүрх, уушгины сэхээн амьдруулалт гэдэг нь зүрхний шууд бус иллэгийг хиймэл амьсгалтай хослуулан хийх үйл явц юм. Энэ нь энгийнээр анхны тусламжийн а үсэг л гэсэн үг. Хүний амь насыг аврах сэхээн амьдруулах гол үйл ажиллагаа. Тиймээс үүнийг маш сайн сурч, дадлагажвал усанд живсэн ч бай ямар нэгэн байдлаар ухаангүй, амьсгалгүй болж амь тэнссэн хүнийг бүрэн аврах боломжтой. Ингэхдээ 30 удаагийн цээжний шахалтыг нэг минутад 100-120 удаагийн давтамжтай хийнэ. Ийм хэмнэлээр цээжний голын цэг буюу хоёр хөхийг холбосон шугамын тэг дунд хоёр гарын алгаа давхарлан насанд хүрсэн хүний цээжийг доош 5-6 см орчим хонхойлгож дарахыг цээжний шахалт гэдэг юм. Ингээд 30 дарсныхаа дараа хоёр удаа хиймэл амьсгал хийнэ. Толгойг гэдийлгэж, эрүүг өргөсөн байрлалд хамрыг нь чимхэж, осолдогчийн амыг өөрийн амаар бүрэн үмхэж нэг секунд үлээх юм. Ингээд хоёр удаагийн үлээлтийг гурван секундын дотор хийж дуусгах учиртай. Мөн хиймэл амьсгал хийж байхдаа тухайн хүнийхээ цээж рүү агаар орж, тэлэгдэж буй, эсэхийг харж, сайтар ажиглах хэрэгтэй. Иргэд үүнийг киноноос олон харсан, эчнээ мэддэг боловч бодит байдалд хийж чаддаг хүн ховор. Тиймээс бид анхны тусламжийг аль болох хүмүүст хүргэх, удаан хугацаанд олон удаагийн дадлага хийлгэж, бүрэн дүүрэн эзэмшүүлэхийг зорьдог юм.
-Монголын улаан загалмай нийгэмлэг анхны тусламжийн сургалтад хамрагдсан хүмүүстээ үнэмлэх олгодог байх аа?
-Манай нийгэмлэгээс анхны тусламжийн суурь найман цагийн сургалтад хамрагдсан буюу зүрх, уушгины сэхээн амьдруулалт, зонхилон тохиолдох гэмтлүүдийн үед үзүүлэх онолын болон дадлагын мэдлэгтэй болсон хүмүүст хоёр жилийн хугацаатай үнэмлэх олгодог. Тухайн хүний зураг, овог, нэр, тамгатай пластик карт олгох юм. Энэ нь зөвхөн Монголд бус, олон улсад тогтсон жишиг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн найман цагийн сургалтад хамрагдсан, бусдад тусламж үзүүлэх чадамжтайг нь баталсан үнэмлэх юм.
-Угаарын хийнд хордсон хүнийг шууд агаарт гаргаж болохгүй гэдэг. Энэ нь үнэний ортой юу?
-Манайхны дунд угаарын хийнд хордсон хүнийг шууд гаргаж болдоггүй, шатсан нүүрсний зучил үнэртүүлдэг гэх мэт амнаас ам дамжсан ташаа ойлголт байдаг. Энэ бол маш буруу. Хэрэв хордсон л бол заавал агаарын солилцоо сайтай орчинд гаргах ёстой.Энэ нь нүүрсхүчлийн дутуу исэл буюу мод, нүүрс зэрэг материалын дутуу шаталтын үед үүсдэг өнгө, үнэр, амтгүй хий юм. Угаарын хийн хордлого нь амьсгалын замаар дамжин цусанд орж, хүчилтөрөгчийн хэмжээг багасгаад нүүрсхүчлийн хийг ихэсгэдэг. Улмаар амьсгал боогдож, цусны эргэлт зогсох эрсдэлтэй. Иргэдийн олонх нь амьдарч буй газарт нь эл хий дэгдсэн, эсэхийг мэддэггүй. Дотор муухайрах, толгой өвдөх, амьсгалахад бэрхшээлтэй болж, ухаан алдах үед л хүмүүс угаарын хийнд хордсоноо мэддэг. Хэрэв угаарын хийнд хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл, ухаангүй болбол агаар сэлгэх нь зүйтэй. Боломжтой бол тухайн хүнийг шууд эрүүл агаарт буюу илүү их хүчилтөрөгчтэй, агаарын солилцоо сайтай орчинд гаргах нь зүйтэй. Ингээд тухайн хүн амьсгалгүй, ухаангүй бол зүрх, уушгины сэхээн амьдруулах арга хэрэглэхийг зөвлөдөг. Харин эсрэгээрээ агаарт гаргахгүй, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол эл хордлогыг улам даамжруулна. Цаашлаад аминд ч халтай.
-Манайхны анхны тусламж үзүүлэхдээ гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
-Уг нь иргэдэд анхны тусламжийн зөв, цэгцтэй, нотолгоонд суурилсан мэдлэг эзэмшүүлэх нь хамгийн чухал. Анагаахын шинжлэх ухаанд эмчилгээний бүх арга барил нь нотолгоонд буюу шинжлэх ухааны туршилт, судалгаанд үндэслэсэн, онолоор батлагдсан байдаг. Үүний адилаар анхны тусламжийн зөвлөмжийг боловсруулахдаа судалгаанд суурилдаг. Тэр ч утгаараа шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрсөн арга, технологийг ашигладаг юм. Түүнээс биш, амнаас ам дамжсан, баталгаатай бус эх сурвалжаас авсан, ардын анагаах ухааны арга барилыг анхны тусламжид хэрэглэх нь буруу. Мөн ослын үед хүмүүс анхны тусламж үзүүлэхээс зайлсхийж, хойшлуулах нь цөөнгүй. Эсвэл илүү эрсдэлтэй алхам хийх гээд байдаг. Энэ нь иргэд тэр хэмжээний мэдлэггүй, тодорхой дадлага, сургуулилалтгүй байгаагийн илрэл юм. Тиймээс аль болох олон хүнийг сургаж, дараа нь сургалтаа баталгаажуулж, хүмүүсийн мэдлэг, чадварыг дахин дахин сэргээдэг байх ёстой. Анхны тусламжийн боловсролыг олон нийтэд зөвхөн танхимын сургалтаар бус, гарын авлага, сургалтын материал болон технологийн дэвшлийг ашиглан аль болох өргөн хүрээнд олгох хэрэгтэй. Үүний тулд мэдээж төрийн болон салбарын удирдах байгууллагуудын бодлого тодорхой, зөв байх ёстой.
-Хүн бүр заавал сурах ёстой анхны тусламжийн арга зүй, хэрэглэгдэхүүн гэж байдаг уу?
-Дээр дурдсанчлан насанд хүрсэн хүмүүс зүрх, уушгины сэхээн амьдруулах аргыг эзэмших хэрэгтэй. Аль ч улс, нийгэмд анхны тусламжийн хамгийн гол, амин сүнс нь энэ байдаг. Цус алдсан, яс хугарсан үед хэрхэн боолт хийж, чиг тавих, бэхлэх, тээвэрлэн эмнэлэгт хүргэх ёстойг зөв арга барилаар зааж, сургах ёстой. Ер нь хүүхдэд багаас нь системтэйгээр энэ төрлийн мэдлэг олгох нь чухал. Харин хэрэглэгдэхүүний тухайд зүрх, уушгины сэхээн амьдруулалтыг туршихад манекен буюу хиймэл хүн хэрэгтэй. Үүнтэй төстэй сургалтад зориулсан бүтээгдэхүүн төрөл бүрээрээ л байгаа. Тиймээс албан байгууллага, хамт олон дундаа ядаж ганц манекен аваад ажилтнууд дадлага хийх, турших боломж нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Мөн анхны тусламжийн хайрцгийг хувь хүн цүнх, автомашин, гэр, албан байгууллагадаа байршуулбал зохистой. Үүнд аливаа осол, гэмтлээс сэргийлэх, эрсдэлтэй үед бэлэн байхад зориулсан хэрэглэгдэхүүнүүд багтдаг. Ялангуяа олон улсад хүн бүр тодорхой хэмжээнд анхны тусламжийн бэлэн байдалд буюу цүнхэндээ жижиг хэрэглэгдэхүүнтэй явах хэрэгтэй гэдэг. Жишээлбэл, боолт хийж, шарханд бохир оруулахгүй, ариун байлгах, цус тогтоох бинт авч явах нь зүйтэй. Боломжтой бол бэртэж гэмтсэн ясанд чиг тавих, шархыг ариутгаж, халдваргүйжүүлдэг уусмал авч яваарай. Гэвч эдгээр хэрэглэгдэхүүн хаа сайгүй, үргэлж бэлэн байна гэдэг бараг л боломжгүй. Тиймээс бид сургалтынхаа хүрээнд эдгээрийг гарын доорх материалаар орлуулах, ойр орчимд буй эд, зүйлсийг анхны тусламжийн хэрэглэгдэхүүн болгон ашиглах аргыг хүмүүст ойлгуулахыг зорьдог юм. Тухайлбал, хугарсан мөчинд чиг тавихдаа өөрт ойр мод, зузаан ном, картонон цаас зэргийг ашиглах боломжтой. Үүний тулд материалаа хэрхэн зөв сонгож, хүний биед яаж байрлуулж, бэхлэх вэ гэх мэт энгийн зарчмыг иргэдэд ойлгуулах, мэдлэг, мэдээлэлтэй болгох нь чухал. Хүмүүс зөвхөн зориулалтын эд, материал хэрэглэх ёстой гээд анхны тусламжаа хойшлуулах хандлагатай байдаг. Гэтэл үүнийг хойшлуулна гэдэг тухайн хүний аминд маш эрсдэлтэй шүү дээ.
У.Цэцэг