УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгийнхэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Тэд тус хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар санал, дүгнэлт гаргаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн юм. УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газартай хамтран Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хүүхэд, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ огцом нэмэгдэж, 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь хэрэглэж байна гэх мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн юм. Энэ нь уламжлалт тамхины хэрэглээнээс давсан үзүүлэлт бөгөөд шинэ төрлийн тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүнийг зохицуулах цогц бодлогын хэрэгцээ байгааг онцлов. Хүүхэд залуусыг хорт зуршлаас сэргийлэх, тамхины хяналтын хуулийн хэрэгжилт болоод цаашид хэрхэн сайжруулах, шинэ зохицуулалтуудыг тусгах талаар ажлын хэсгийнхэн санал солилцлоо.
Ч.Туяа