Нийслэлийнхэн өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Улаанбаатар хотын төв талбайд эзэн сууж, соёл, ур - лаг, спортын шалдар булдар арга хэмжээ тасралтгүй зохион байгуулах болсон. Ямар сайндаа л нийслэл¬ чүүд “Сүхбаатарын талбай Х.Нямбаатарынх боллоо”, “Хотын дарга өрөөлийн ТҮЦ-ийг татан буулгаад, өөрийнхөө асрыг төв талбайд барьчихлаа”, “Төв талбай “Нарантуул-2” болчхож” гэж шогширч, халаглах вэ дээ. Тэгвэл жуулчлалын оргил улирал хаяанд ирсэн энэ үед аялал жуулчлалын салбарынхан үүнд хамгийн их эгдүүцэж, бухимдаж байна. Хотын зүрх гэгддэг энэ хэсэг Монголын нийслэлд ирсэн жуулчдын аяллын гол маршрутад зүй ёсоор багтдаг. Төрийн ордон, “Чингис хаан” үндэсний музей, Монголын үндэсний музей гээд жуулч¬ дын үзэж, сонирхдог гол газрууд үүнийг тойроод байрладаг. Харин одоогийн энэ хөл толгойгоо алдсан, зах замбараагүй байдал гадаадын жуулчдыг үргээж мэдэхээр байгааг аяллын хөтөч, тайлбарлагч¬ даас эхлээд бизнес эрхлэгчид хэлэх боллоо. Төв талбайд барьсан үзэмжгүй цагаан асрууд, хөлийн гишгэлэн болсон халтар зүлэг, хүн чөлөөтэй алхах аргагүй болтол шавааралдуулан байршуулсан дугуй, мотоциклуудаа чөлөөлөхийг тэд хотын удирдлагуудаас шаардаж байна. Хэрэв энэ янзаараа байвал нийслэлийн төв талбай хотын аяллын маршрутаас хасагдахаар байгааг салбарын туршлагатай хү - мүүс анхаарууллаа. Дэлхийн хотууд, ялангуяа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой газрууд түүхэн барилга, байгууламжаа юу юунаас ч илүү хайрлан хамгаалдаг, төв талбай, төрийн ордон зэрэг ямагт жуулчдын анхааралд байдаг хэсгүүдээ буй төрхөөр нь, байгаа чигээр нь хадгалж үлдэхийг хичээдэг гэдгийг ч тэд жишээ татан сануулав.
Ж.Сувд