Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод энэ сарын 2-8-нд зохион байгуулсан Олон улсын хиймэл оюуны III олимпиад (IOAI 2026)-д манай сурагчид амжилттай оролцож, хос хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, “Хобби” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ү.Эрхэс, “Амжилт кибер” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ нар ганцаарчилсан төрөлд хүрэл медалийн эзэн болов. Энэ удаагийн олимпиадад 100 гаруй улсын 470 орчим шилдэг сурагч оролцож, оюун ухаан, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлджээ. Монгол Улсаас эл олимпиадад дөрвөн сурагч оролцсон бөгөөд ганцаарчилсан ангилалд машин болон гүн сургалт, хиймэл оюуны нарийн төвөгтэй бодлого бодож өрсөлдсөн аж. Харин багийн төрөлд хүн дүрст робот (GALBOT)-ыг программчлан ухаанаа уралдуулжээ.
IOAI нь сурагчдаас зөвхөн математик болон онолын кодчиллын мэдлэг шаарддаггүйгээрээ уламжлалт олимпиадуудаас ялгаатай. Ихэвчлэн бодит амьдралын өгөгдөлд тохирсон хиймэл оюуны загвар сургах, алгоритм боловсруулах зэрэг практик даалгавар голчилдог. Тухайлбал, багийн шатанд оролцогчид сүүлийн үеийн хүн дүрст роботыг хиймэл оюуны загвараар удирдан, орчинтойгоо харилцах болон даалгавар биелүүлэх зэргээр программчлалыг бодит цагийн горимд гүйцэтгэдэг. Олимпиадын даалгаврууд нь машин болон гүн сургалтын хамгийн сүүлийн үеийн архитектур болон нейрон сүлжээний шийдлүүдийг хамардаг тул сурагчдад практик туршлага хуримтлуулах боломж олгодог байна.
У.СҮРЭН