
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болно. Хурлын үеэр зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүд болон соёл, аялал жуулчлалын арга хэмжээний талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийннарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр COP17-гийн үеэр ногоон болон цэнхэр бүсэд соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаас гадна “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 22-23-нд Налайх дүүргийн Тайжийн аманд хийхээр төлөвлөснийг онцолсон юм. Тус фестивалийн хөтөлбөрийг хурлын зочид, төлөөлөгч төдийгүй жуулчин, иргэдэд зориулан тусгайлан боловсруулсан бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгааллын асуудлыг онцолж буйгаараа ач холбогдолтой аж.
Фестивалийн хүрээнд аймаг, нийслэлийн отгууд, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолныгудамж”, жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Мөн “Silk road caravan” буюу “Тэмээн жингийн цуваа” арга хэмжээний хүрээнд гадаадын 12-13 төлөөлөгч Монголд ирж, энэ сарын 15-16-нд малчдад зориулсан уулзалт, хурлуудад оролцоно. Үүний зэрэгцээ Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнтэй хамтран Архангай аймгийн Булган сумд “Олон улсын малчдын чуулга уулзалт” зохион байгуулах юм. Ташрамд дурдахад, СОР17-гийн зочид, төлөөлөгчдийг байрлуулах бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын А, Б зэрэглэлийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг 85 зочид буудлаас 40 гаруйтай нь хамтран ажиллаж, одоогоор 1000 орчим өрөө захиалжээ.
Э.СОНДОР