Улаанбаатар хотоос 500 гаруй, Архангай аймгийн Цэцэрлэг сумаас 20 орчим км зайд орших Мухар хужиртын рашаанд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хүрдэг юм санж. Байгалийн сайханд амарч, алжаалаа тайлах хүсэлтэй нэгнээс эцсийн найдвар тээж очдог нь хамаагүй олон. Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Зая Бандида Лувсанпэрэнлэй 1942 онд энэ довон дээр мэндэлж, ихсийг нь булсан газраас энэхүү рашаан ундарч гарсан түүхтэй гэдэг. Далайн түвшнээс дээш 1585 метрт байх рашаан газрын гүнээс оргилсон маш хүйтэн бөгөөд найрлага нь кальци, кали, цахиур, гидрокарбонат зэрэг элемент агуулсан, анагаах чадвар маш сайн гэлцдэг. Ялангуяа мэдрэл, сэтгэц, чихрийн шижин, дотор эрхтнийг анагаах увдистай нь олон зуун жилийн явцад нотлогджээ. Зорьж очигсод хүйтэн боргионд цохиулж, шавар түрхэн, рашааныг багадаа гурван жил дараалан хүртдэг аж.
ЦЭВ ХҮЙТЭН Ч ХАЛУУН ЧАНАРТАЙ
12 бодь цагаан суваргын наахан талд байрлах рашаан дээр жинхэнэ “амьдрал буцална”. Хүүхдүүдийн чанга орилох дуу, шуугиан хөдөөгийн аниргүйг эвдэж, хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, эрүүл, өвчтэй ялгаагүй рашааны боргионд орох гэж хошуурцгаана. Цэв хүйтэн рашаан тул бага насны хүүхдүүд боргионд орохдоо уйлж, зугтаж, амь тэмцэх нь аргагүй. Гэвч цахиурын агууламж ихтэй эл рашаан нь биеийг ашигтай эрдэс, бодисоор хангахын зэрэгцээ, зарим хорт бодисыг саармагжуулж, гадагшлуулдаг тул шүд зуугаад гүрийхээс өөр аргагүй. Мэдрэлийн ядаргаа, тархи, толгой нь өвддөг хүмүүс голдуу энэ рашааныг зорин ирдэг байна. Сүүлийн үед аутизмын хүрээний эмгэгтэй, дауны синдромтой хүүхдээ дагуулан ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй байгааг нутгийн иргэд ярьсан. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 110 мянга орчим иргэн байдаг.
Тэдний 15 мянга орчим нь хүүхэд бөгөөд 3000 гаруй нь аутизмын хүрээний эмгэгтэй гэх статистик бий. Ийм эмгэгтэй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж буй нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтэд санаа зовоох асуудал болсон нь нууц биш. Манай улсад эл оношоор 2022 онд 1725, 2023 онд 1980, 2024 онд 2395, 2025 онд 3566 хүүхэд оношлогдсон нь үүнд ан¬хаарал хандуулах шаардлагатайг илтгэнэ. Тэдний олонх нь хэл яриа, танин мэдэхүйн бэрхшээлтэй байдаг тул эцэг, эх, эмээ, өвөө гээд ойр тойрныхон нь аль сайн гэсэн болгоныг хэрэглэж, эмнэлэг, сувилал бараадаж, бага ч болов ахиц дэвшил гаргахын төлөө хичээдэг. Харамсалтай нь, аутизм юунаас үүдэлтэйг анагаах ухаан тогтоож чадаагүй шигээ хэрхэн эмчлэх арга ухааныг ч олоогүй байна. Харин сүүлийн жилүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Мухар хужиртын хүйтэн рашааны боргионд цохиулах нь мэдрэлийн эд, эсийг цочроож, хэл ярианы хөгжлийг нь дэмждэг гэх яриа амнаас ам дамжин, түймэр мэт л тархах болсон. Рашаан аутизмыг эмчилдэг гэвэл өрөөсгөл. Гэхдээ олон жил явж, үр өгөөжийг нь хүртсэн хүмүүсийн хэлд орсон, хоолой нь өвдөхөө байсан, ханиад ер хүрээгүй гэх бодит жишээ цөөнгүй юм билээ.
РАШААН ДАГААД БИЗНЕС ЦЭЦЭГЛЭВ ҮҮ
Цэнхэр үүлс үелэн давхраатаж, цэвэр агаар цээж тэнийлгэх буйдхан талд цөөн хүнтэй сум, багийн дайтай суурин үүсээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бүхэн рашаан зорьж ирэгсдийн хэрэгцээ, шаардлагын үүднээс, зах зээлийн зарчмаар бий болсон байна. Тодруулбал, Монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй тив дамжин зорьж ирсэн хүмүүст тав тухтай амрах байр, ундлах газар хэрэгтэй нь ойлгомжтой. Үүнийг дагаад Мухар хужиртын рашаан орчимд 500 гаруй шовгор байшин, монгол гэр төвхнөжээ. Гэвч жилээс жилд байшингийн түрээсийг нэмж буй хэрнээ үйлчилгээ нь төдийлөн сайжрахгүй байгааг амарч сувилуулсан иргэд шүүмжлэх болж. Тухайлбал, иргэн Ё “Рашааны ундарга багасаж, замаг татаад, зах эрэг нь түрж, талбай нь жижгэрсэн байна. Рашааныг хэдэн жилдээ хааж, ундарга нь сэргээд ирэхээр хүн авдаг, өөрөөр хэлбэл 2-3 жил “амраагаад” нээдэг болбол зүгээр санагдах юм. Энэ байгалийн баялаг, рашаан уснаас ашиг олж байгаа амралтын газрынхан нэгийг бодож, нэгдэж ажиллахгүй бол цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, орчны доройтол жил бүр нэмэгдэж буй. Амрагч нар автомашинтайгаа уул толгод хэсэж, рашааны эргэн тойронд бие засаж байгааг болиулах хэрэгтэй. Эко систем ихээхэн доройтлоо.
Үүнд Цэцэрлэг сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан анхаарахгүй бол шидэт рашаанаа ширгээх вий” хэмээсэн. Харин нутгийн уугуул иргэн, гурван үеэрээ Мухар хужиртад амьдарч буй Д.Ганбаатар рашаан усаа хамгаалах, байгаль орчноо цэвэр цэмцгэр байлгахад багагүй анхаарал хандуулж буйгаа дуулгасан юм. Тэрбээр “Рашааныг зорьж жилд 10 мянга орчим хүн ирдэг. Жилээс жилд нэмэгдэж байгаа. “Эв нэгдэл” хоршоо 60 гаруй байшин хариуцдаг, бусдыг нь хувь хүмүүс ажиллуулдаг юм. Бүгдээрээ эндхийн иргэд. Хоршоо маань үйл ажиллагаагаа явуулаад 30 гаруй жил болжээ. Энэ жилээс рашааны орчимд байгаль орчны идэвхтэн байцаагч ажиллуулж байгаа. Хоршооноос цалин олгож, амьдрах газрыг нь бэлдэж өгсөн. Зургаадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20 буюу хүн хамгийн олноор ирдэг үед ажиллуулдаг юм. Ер нь бол хүмүүс тавдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 15 хүртэл рашаан ууж амардаг. Гэхдээ Улсын баяр наадмын үеэр буюу долоодугаар сард хүн хамгийн олонтой. 2000 гаруй хүн ирж, боргионд цохиулах гэж урт дараалал үүсгэдэг. Идэвхтэн байгаль хамгаалагч хүмүүст шаардлага тавьж, рашааны ойр орч¬ мыг цэвэрхэн байлгахад анхаардаг” гэв.
Байгаль хамгаалагч сайн дурын ажилтан залуу хүүхдүүдээ ч рашаанд оруулаад, гэр бүлээрээ сайхан амарчихдаг хэмээн олзуурхсан. Тэрбээр “Рашаанд гадуур хувцас, шаахайтайгаа орж болохгүй, усны ундарга дээр хүүхдээ тоглуулахгүй, хог битгий хая, ойр орчимд нь бие засаж болохгүй шүү” хэмээн хоолойгоо сөөтөл хэлдэг ч түүнийг нь үл ойшоогчид цөөнгүй юм билээ. Дагаж мөрдье гээд ч рашааны ойр байрлах ариун цэврийн байгууламж нь үргэлж цоожтой байдаг тул амрагчид нүднээс ил, далд “морь харчихдаг” байна. Том, жижиггүй рашаан ууж буй тул бие засах хэрэгцээ байн байн гарч, тэр хэрээр 500 орчим метр зайтай байрлах байшин руугаа гүйгээд байж чаддаггүй гэнэ. Энэ нь багагүй асуудал болж буйг амрагчид хэлсэн. Зөвхөн рашааны ойр гэлтгүй түрээслүүлдэг шовгор байшингууд нь хүртэл ариун цэврийн байгууламжгүй байх нь цөөнгүй. Хүүхдийн тоглох талбай биш юм гэхэд биологийн наад захын хэрэгцээ хангах ариун цэврийн байгууламжгүй байж байшингаа багагүй үнээр түрээслүүлдэг хүмүүс ичих хэрэгтэйг амрагчид шүүмжилсэн. Мөнгө цагаан, нүд улаан гэдгийн адил хэдэн төгрөг л олж байвал үйлчлүүлэгчид нь аятай тухтай байгааг анзаардаггүй аж.
“ЭЗЭН”-ТЭЙ БАЙЛГАХАД БОДЛОГО ДУТАГДАЖ БАЙНА
Мухар хужиртын рашаан нь амралт, сувиллын газар биш учир нэгдсэн зохион байгуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, өвчтэй хүүхэд, хүнээ эдгээе гэж зорьж очигсдын их эрэлтэд дөрөөлж, хэсэг бүлэг хүн тухайн газарт зуны байшин, гэр барьж түрүүслүүлдэг. Цахилгаантай, цахилгаангүйгээс шалтгаалан нэг хоногийн төлбөр нь 50 000-250 000 төгрөгт хүрдэг. Хашаан дотроо био нойл, хүүхдийн тоглоомын талбай, хүнсний дэлгүүр, кофе шоп, цайны газартай байшингууд нь мэдээж хамгийн өндөр үнэтэй. Гэхдээ л энэ нь хоол, цайны хөлс ороогүй өртөг бөгөөд байшин түрээслэгчид өөрсдөө мах, гурил, будаа, ногоогоо тэндээсээ худалдан авч ундалдаг байна. “Хоосон байшин хоногийн 200 мянган төгрөгт хүрлээ, үнэтэй байна” хэмээн амрагчид хэлдэг ч зориод очсон хойно хээр хонох биш, толгой хорогдохоос өөр яах билээ. Амрагчдын байрладаг байшингаас рашаан хүртэл ойролцоогоор 500 орчим метр зайтай. Тэнд байрладаг уламжлалт анагаах ухааны эмчид судсаа бариулж, рашааныг хэр хэмжээнд хүртэх, боргионд хэдэн удаа орох талаар нарийн зөвлөгөө авдаг байна.
Ихэвчлэн өдөрт гурван удаа боргионд цохиулдаг тул рашаан, байшин хоёрын дунд тодоос тод зам гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хөл муутай хөгшин настай хүмүүс зонхилох тул энэ хооронд байнгын автомашинаар ирж, очно. Хэдийгээр машинаа рашаанаас холхон тавьж, алхаж хүрдэг ч бороогүй үед тоос, шороо ихээр босож, зүлэг талхлагддаг аж. Үүний зэрэгцээ рашааныг ундандаа хэрэглэхээс гадна амрагчид том том саваар зөөж, ахуйн зориулалтаар ашиглан, аяга, шанага, хувцас хунараа угааж байгаа нь ундаргыг нь багасгах вий хэмээн санаа зовж буйгаа амрагчид цахимд хуваалцжээ. 10-аад жил зун болгон очсон нэгэн эмэгтэй рашааны ундарга багасаж буй тул хэрэглээнийхээ усыг худаг, эсвэл өөр эх үүсвэрээс хангах талаар санал дэвшүүлсэн байв. Гэвч ойр тойронд худаг байхгүй бөгөөд төв суурин газраас алслагд¬сан тул тэр бүр дэлгүүрт цэвэр ус ирээд байдаггүй аж.
Харин энэ талаар “Эв нэгдэл” хоршооны тэргүүн, дээр дурдсан нутгийн иргэн Д.Ганбаатар “Мухар хужиртын рашаанаасаа хүмүүс тэртээ 1642 оноос ундаалж ирсэн. Би жил бүр боргионы модыг нь сольж, шинээр хийдэг. Өнгөрсөн жилийнхээс багассан зүйл ажиглагдаагүй. Энэ рашаан мөнхийн ундаргатай, газрын гүнээс оргилдог юм шүү дээ. Харин ойрхон худаг ухаад эхэлбэл илүү хор хөнөөлтэй. Рашаанаа хамгаалъя гэвэл ойр орчмын 20 км тойрогт уул ус, ургамал, мод гээд эко системийг бүхэлд нь хайрлаж, тордох нь зүйтэй” хэмээсэн. Манай улсад нийт 280 орчим халуун, хүйтэн рашаан бий аж. Үүнийг дагаад 20 гаруй рашаан сувилал үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг гэнэ. Тухайлбал, бидний хамгийн сайн мэддэг нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах Хужиртын рашаан сувилал. Байгалийн халуун рашаанаараа алдартай бөгөөд үе мөч, мэдрэл, хоол боловсруулах зэрэг өвчнийг илааршуулахад тустай гэлцдэг. Түүнчлэн Шаргалжуут, Шивэрт, Галт, Цэнхэр, Жанчивлан, Аварга тосоны рашаан сувилал гээд олон танигдсан нь цөөнгүй. Үүний зэрэгцээ устаж үгүй болсон нь ч бий.
“Элэг, бөөр, нүд, чихэнд сайн гээд олон төрлийн рашаан урсдаг байсан. Одоо үгүй болжээ” гэж харамсан ярихтай цөөнгүй л таарч байв. Рашааны хамгаалалтын талаар холбогдох албаныхнаас тодруулахыг хүссэн нь ч “Хариуцсан мэргэжилтэн нь амарсан” гэх улиг болсон хариу өгсөн юм. Гадаадын орнуудад ч ялгаагүй рашаанаа сувиллын зориулалтаар ашигладаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын зориулалтаар ихээхэн хөгжүүлэх болжээ. Тухайлбал, Япон Улс халуун рашаан ихтэй бөгөөд түүнийг нь түшиглэсэн жуулчны олон бааз, сувилалтай. Жилд тус улсад зөвхөн рашаанд орохоор 12 сая хүн очдог гэх статистик бий. Тэгвэл манай улс ч мөн адил найрлага, анагаах увдисаараа гадаадынхнаас дутахгүй рашаанаараа жуулчдыг татах боломжтой юм. Гагцхүү байгалийн бэлэг болсон рашаанаа хайрлан, хамгаалж, “эзэн”-тэй байлгахад сум, аймаг цаашлаад улсын хэмжээнд нэгдсэн бодлого, зохион байгуулалт дутагдаж байна.