
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ээлжит VIII хуралдаанаараа нүүрс-пиролизийн үйлдвэр байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөсөн нүүрс-пиролизийн үйлдвэр барих төслийн ажлыг эрчимжүүлэх боломж бүрдэв. Пиролизийн үйлдвэр гэдэг нь нүүрсийг хүчилтөрөгчгүй буюу агааргүй орчинд өндөр температурт дулааны аргаар боловсруулах замаар хорт болон дэгдэмхий бодисыг нь ялгаж, илчлэг өндөртэй хагас кокс болон нүүрс-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цогцолбор юм.
Тэгвэл манай улс 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай энэ чиглэлийн томоохон үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2026 онд багтаан эхлүүлж, 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Мөн энэ өдрийн хуралдаанаар нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаарддаг, давхардсан 103 бүртгэлийг хүчингүй болголоо. Үүнийг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд, нийслэлийн ИТХ-аас 2025 онд баталсан худалдаа, үйлчилгээний нийтлэг журамд үндэслэн шийдсэн аж.
Н.ДҮҮЛ