
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн сарын 2-нд УИХ баталсан билээ. Засгийн газар “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд энэхүү хуулийн өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Баталсных нь дараа тэд уг багц хуулийн шинэчлэлийг “Нийгмийн даатгалын тогтолцооны томоохон реформ”, “Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх бодлого” “Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжсэн түүхэн алхам” хэмээн амбицтай тодорхойлов. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх тус хуулийн зорилго нь ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулах, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах, тэтгэвэр авагчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэмээж буй. Гэвч хуульд маргаантай хэд хэдэн зохицуулалт тусгасны нэг нь тэтгэвэр тогтоох хуучин аргачлалыг халж, шимтгэл төлсөн сүүлийн тав бус, 10 жилийн дундаж цалинг үндэслэх болсон явдал юм. Ингэснээр өндөр цалинтай иргэдийн тэтгэврийн хэмжээ ирээдүйд мэдэгдэхүйц буурах эрсдэлтэй хэмээн эдийн засагчид үзэж байна.
Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх шаардлага Монголд байсан уу гэвэл тийм. Гэхдээ шинэчлэлийн эцсийн зорилго нь зөвхөн сангийн алдагдлыг багасгах биш, иргэдийн нийгмийн хамгааллыг илүү баталгаатай болгох учиртай. Багц хуулийн өөрчлөлтөд олон эерэг зохицуулалт бийг үгүйсгэхгүй. Суурь тэтгэврийн тогтолцоо бий болгох, сайн дурын хуримтлал үүсгэх, үүнд төрөөс дэмжлэг үзүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг нь урт хугацаандаа иргэдийн орлогын баталгааг хангах сайн талтай. Өөрөөр хэлбэл, хуульд тусгасан олон давхаргат тогтолцоо гэдэгт нь суурь, даатгалын сангаас олгох, мөн хувийн нэмэлт тэтгэврийг хамтатган оруулжээ. Гэвч хугацаанаасаа хойш тэтгэвэрт “суувал” хэмжээг нь нэмэгдүүлэх, харин өмнө нь тогтоолговол бууруулах, 2033 он ба түүнээс хойш суурь тэтгэврийг 10 жилийн орлогын нийлбэрт үндэслэхээр хуульчилсан зэрэг нь үнэхээр шударга тогтолцоо бүрдүүлэх гэхээсээ илүүтэй сангийн алдагдлыг иргэдийн ирээдүйн тэтгэврийн орлогоор нөхөх гэсэн далд бодлого гэж хардахаар байгаа юм. Дээр өгүүлсэнчлэн тэтгэврийн даатгалын параметрийг шинэчлэхдээ дараалан тав бус, 10 жил ажилласан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоохоор болж буй. Үүнийгээ хууль санаачлагчид “...шимтгэл төлсөн хугацаатай нь шударгаар уялдуулж буй” хэмээн тайлбарласан ч эдийн засгийн талаасаа энэ нь өнгөц дүгнэлт аж.
ИЛҮҮ ИХ АЖИЛЛАЖ, ОРЛОГОО НЭМСЭН НЬ ХОХИРОХ УУ
Манай улсын хөдөлмөрийн зах зээл дэх цалин хангамж олон улсынхтай харьцуулахад тийм ч сайн биш ч жилээс жилд тогтмол өсөж ирсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ жил бүр нэмэгдэж, төрийн албан хаагчдын цалин үе шаттай өсөн, хувийн хэвшлийн хөдөлмөрийн үнэлгээ ч өөрчлөгдсөөр буй. Гэтэл 10 жилийн өмнөх нэг сая төгрөгийн цалинг өнөөдрийн хөдөлмөрийн хөлстэй дүйцүүлэн дунджилж, тэтгэвэр тогтооно гэдэг байж боломгүй логик гэдгийг судлаачид хэлсэн. Инфляц, худалдан авах чадвар нь ч тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ. Энгийнээр хэлбэл, эдүгээ сарын гурван саяын цалинтай хүн 10 жилийн өмнө 1.2 сая төгрөгийн цалин авдаг байсан гэж бодъё. Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацааны бага цалин нь нийт дунджийг доош татах нь ойлгомжтой. Ингэснээр тэтгэврийн суурь дүн багаар тогтоогдоно гэсэн үг. Тэгээд ч хуучин цалинг инфляц болон хөдөлмөрийн хөлсний бодит өсөлттэй уялдуулан үнэлэх механизм манайд хангалтгүй. 10 жилийн өмнөх орлогыг өнөөдрийн худалдан авах чадварт хөрвүүлэхгүйгээр шууд дунджлахаар болж буй нь ирээдүйн тэтгэвэр авагчдад ашиггүй хийгээд алдагдалтай.
Хүн үргэлж нэгэн хэвийн амьдрахгүй, ажил, мэргэжилдээ өсөж дэвжинэ. Ялангуяа сүүлийн жилүүдэд карьер нь ахиж, цалин нь өссөн инженер, эмч, багш, төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхэнд дээрх багц хуулийн өөрчлөлт хүнд тусах нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, илүү их ажиллаж, орлогоо нэмсэн нь хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадахгүй хохирох нь байна. Шулуухан хэлэхэд, эрх баригчид нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдал гэх нэрийн дор улс эх орныхоо төлөө буй бүхнээ зориулсан, үнэт капитал болсон ахмадуудынхаа тэтгэврийг бууруулахаар ийн улайрах болсон нь даанч хөөрхийлөлтэй. Засгийн газар үүнийгээ ч аль эрт ил цагаан хэлж, хуулийн өөрчлөлтийг нийгмийн даатгалын сангийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилготой гэсэн шүү дээ. Угаасаа манай улсын тэтгэврийн даатгалын сан олон жилийн турш шүүрэн шанага шиг ажиллаж, улсын төсвөөр алдагдлаа нөхөж ирсэн. Хүн амын дундаж наслалт нэмэгдэж, эсрэгээрээ ажиллах хүчний эзлэх хувь буурч буй өнөөгийн нөхцөлд эл асуудлыг үл тоомсорлож болохгүй нь үнэн. Гэхдээ суурь тэтгэврийг бууруулснаар сангийн тогтвортой байдлыг хангаж чадна гэж үү. Тэгснээс даатгалд хамрагдах хүний тоог нэмэх, далд эдийн засгийг бууруулах, өндөр орлоготой бүлгийн шимтгэл төлөлтийг сайжруулах, хөрөнгийн өгөөжийг өсгөх зэрэг аргыг сонгосон нь үр дүнтэйг эдийн засагчид зөвлөсөн.
САНД ЭРСДЭЛ ҮҮСВЭЛ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ СИСТЕМ НЬ АВТОМАТААР АЖИЛЛАДАГ
Тэгвэл олон улсын туршлагаас харахад тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг иргэдийн шимтгэл төлөх идэвх, төрийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын өгөөж, инфляцын хамгаалалт тэргүүтэй механизмыг ашиглан шийддэг байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнуудын дийлэнх нь тэтгэвэр тогтоохдоо тухайн хүний хөдөлмөрийн бүхий л хугацааны орлогыг авч үздэг. Гэхдээ тухайн үеийн нэрлэсэн дүнгээр нь биш, инфляц, дундаж цалингийн өсөлттэй уялдуулан өнөөгийн үнэ цэнд шилжүүлдэг. Ингэснээр 20 жилийн өмнөх бага цалин ч өнөөдрийн үнэлэмжээр шударгаар тооцогддог аж. Энэ нь суурь тэтгэвэр тогтоох цалингийн дундаж хугацаа урт байсан ч даатгуулагчийг хохироохгүй байх хамгаалалтын систем давхар үйлчилдэг гэсэн үг. Германд тэтгэврийг зөвхөн цалингийн хэмжээгээр бус, тухайн жилийн улсын дундаж цалинтай харьцуулсан орлогын оноонд үндэслэн тооцдог байна. Ингэхдээ 15 жилийн өмнөх орлогыг өнөөдрийн дүнтэй шууд харьцуулахгүй ч тухайн үеийн эдийн засгийн нөхцөлтэй нь уялдуулан үнэлдгээрээ онцлогтой.
Шведэд ч “орлогын данс”-ны гэх тогтолцоог ашигладаг аж. Иргэний төлсөн шимтгэл бүрийг хувь хүний нэрийн дансанд бүртгэж, үүнийг эдийн засгийн өсөлттэй нийцүүлэн шинэчилдэг. Тэтгэврийн даатгалын санд эрсдэл үүсвэл тэнцвэржүүлэх систем нь автоматаар ажилладаг бөгөөд энэ нь улс төрийн богино хугацааны шийдвэрээс үл хамаардаг. Түүнчлэн Канадын Тэтгэврийн төлөвлөгөө (CPP)-г олон арван жилийн актуар тооцоонд тулгуурлан шинэчилдэг гэнэ. Сангийн төсвийг бие даасан байгууллагууд зах зээлд хөрөнгө оруулж өсгөдөг учраас тогтвортой байдлаа тэтгэврийн хэмжээг танах замаар шийддэггүй. Япон, БНСУ-д мөн хүн амын насжилт эрчимтэй нэмэгдэж байгаа ч тэтгэврийн шинэчлэл хийх бүрдээ олон нийтээс санал авч, хэлэлцүүлдэг. Дэлхийн энэ мэт жишиг нь даатгуулагчийн олон жил ажилласан цалингийн дунджаар тэтгэвэр тогтоож болох ч өмнөх орлогын үнэ цэнийг хамгаалах зарчим баримталдаг нь авууштай. Харин Монголд эл механизм бодит байдалд үйлчлэх, эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
ХУУЛЬ БАТАЛЛАА ГЭЭД ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХГҮЙ
Нийгмийн даатгалын багц хуулийн бас нэгэн анхаарал татсан зохицуулалт нь олон хүүхэдтэй эх гэхчлэн тухайлсан иргэний тэтгэвэр тогтоолгох насыг 2029 оноос эхлэн жил бүр гурван сараар үе шаттай хойшлуулах буюу ухраахаар тусгасан явдал юм. Хүн амаа өсгөх, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогынхоо эсрэг “зогссон” уг заалтаа мөн л тэтгэврийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах зорилготой гэж хаацайлсан. Онолын хувьд хүн амын дундаж нас уртсаж байгаа үед тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх нь олон улсад ч мөрдөгддөг бодлого. Гэвч үүнийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь тухайн улсын иргэдийн эрүүл амьдралын чанар, хөдөлмөр эрхлэлтийн боломж, дундаж наслалтын өсөлттэй уялдсан байдаг. Өмнө нь дурдсанчлан Монголд сүүлийн жилүүдэд дундаж наслалт нэмэгдсэн.
Гэсэн ч эрүүл наслах хугацаа, ялангуяа хөдөлмөрийн насныхны эндэгдэл, зүрх, судас, хавдар зэрэг өвчний тархалт өндөр хэвээр байна. Хөдөө орон нутаг, уул уурхай, барилга зэрэг хүнд үйлдвэрлэлийн салбарт олон жил ажилласан хүмүүсийн хувьд тэтгэвэрт гарах насыг хойшлуулна гэдэг нь бодит амьдралд тэдний “насны хишгээ” хүртэх боломжийг үгүй хийж буйгаас ялгаагүй. Насаараа шахам шимтгэл төлчхөөд тэтгэврээ ч авч чадахгүй нас барах тохиолдол манайд элбэг шүү дээ. Ийм эрсдэлтэй нөхцөлд хуулийн шинэчлэлээр “тэтгэврийн орлогыг нэмэгдүүлнэ” гэж өнгөц тайлбарлах нь харин ч олон нийтийн эргэлзээ, дургүйцлийг улам төрүүлж байгаа юм. Нийгмийн даатгалын тогтолцоо иргэдийн итгэл дээр тогтдог систем. Иргэн өнөөдөр шимтгэл төлөхдөө ирээдүйд тийм хэмжээний тэтгэвэр авна гэсэн хүлээлттэй байдаг. Багц хуулийг баталснаас хойш нийгмийн сүлжээн дэх иргэдийн гомдол, эдийн засгийн судлаачдын байр суурийг харсан ч дээрх өөрчлөлтүүд нь манай улсад одоохондоо тохиромжгүй аж. Алсдаа энэ бүхэн даатгалд хамрагдах хүний тоо буурах, цалингаа бодитоор мэдүүлэх сонирхол сулрах, улмаар нийгмийн даатгалын сан тэр хэрээр эрсдэлд орох сөрөг үр дагавар үүсэж болзошгүй. Иймд даатгуулагчийн эрх ашиг, бодит орлого, инфляцын нөлөө, хөдөлмөрийн үнэлэмжийг хамгаалах талаас нь хуулийн зарим зохицуулалтыг дахин нягтлах, эргэн харах шаардлагатай гэж олон хүн үзэж байна. Тэр дундаа 10 жилийн дундаж гэх индексжүүлэлтийн аргачлалыг олон нийтэд ойлгомжтой, ил тод болгохгүйгээр реформ хийх боломжгүй гэв. Тэтгэврийн шинэчлэл амжилттай болсон, эсэхийг “Олон давхаргат тогтолцоо бий боллоо” гэсэн ганцхан өгүүлбэрээр бус, иргэдийн өнөөдөр төлсөн шимтгэл маргааш амьдралынх нь баталгаа болж чадах, үгүйгээр хэмжигддэг гэдгийг эцэст нь тэмдэглэх нь зүйтэй болов уу