Ам.долларын ханш суларч, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурснаас үүдэн алтны үнэ дөрвөн өдөр дараалан өсөж, сүүлийн долоо хоногийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тодруулбал, спот алтны ханш 0.5 хувиар нэмэгдэж, унц нь 4265.22 ам.доллар болсон нь зургаадугаар сарын 18-наас хойших огцом өсөлт болж байна. АНУ-ын алтны фьючерс үнэ мөн дээрх хувиар өсөж, унц нь 4324.60 ам.долларт хүрсэн аж. Онлайн арилжаа, санхүүгийн үйлчилгээний IG компанийн зах зээлийн шинжээч Тони Сайкамор “Ойрх Дорнодын хэлэлцээрт дипломат ахиц гарч буй нь зах зээлд хүлээлт үүсгэсэн байж болзошгүй. Түүнчлэн энэ нь газрын тосны үнэд дарамт учруулж, улмаар Төвбанкнууд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шаардлагыг бууруулна” хэмээжээ.
Түүний үзэж буйгаар алтны үнэ 200 хоногийн дундаж хөдөлгөөнт түвшнээс тогтвортой давж чадвал унц нь 5000 ам.долларт хүрэх магадлалтай гэнэ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Иран болон Оманы хэлэлцээр хэрэгжвэл Иран, АНУ-ын хооронд таван сар үргэлжилсэн мөргөлдөөнийг эцэслэхээс гадна Ормузын хоолойгоор дамжин Персийн булан руу нэвтрэх усан онгоцнуудад Тегеран хяналт тавих боломж бүрдэх юм. Уг мөргөлдөөн эхэлснээс хойш алтны үнэ 19 хувиар буурсан. Учир нь эрчим хүчний ханшийн өсөлтөөс шалтгаалсан инфляц нэмэгдэж, Төвбанкнууд бодлогын хүүгээ өсгөнө гэсэн болгоомжлол зах зээлд давамгайлж байжээ. Хүү бага үед алт үнэ цэнтэй хэвээр байдаг хэмээн шинжээчид үздэг. Түүнчлэн ам.долларын ханш суларснаар уг валютаар үнэлэгддэг түүхий эдүүд харьцангуй хямд болдог аж.
Д.ХЭРЛЭН