Монголын их хаадын түүхэн өлгий болсон Хэрлэнгийн хөдөө арал буюу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Аварга тосон нуурт триатлоны 2026 оны УАШТ наймдугаар сарын 1-2-нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн УАШТ онцлог ихтэй болов. Учир нь уг арга хэмжээг зөвхөн спортын тэмцээн бус, эрүүл амьдралын хэв маяг, гэр бүл, аялал жуулчлал олон нийтийн идэвх оролцоог нэгтгэсэн нээлттэй спорт ба энтертайнмент фестиваль маягаар зохион байгуулснаараа онцлогтой. Үндсэн тэмцээнээс гадна үзэгч дэмжигчдийн дунд сур харваа, шагайн харваа, морин аялал, элсний гар бөмбөг, элсний хөл бөмбөгийн тэм-цээн явуулав. Монголын триатлоны холбоо, “Ард санхүүгийн нэгдэл” ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 150 гаруй тамирчин оролцож, мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд дөрвөн насны ан¬гиллаар тэсвэр тэвчээр, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөв.
Тэмцээний элит ангилалд Монгол Улсын олон удаагийн аварга Г.Амарсанаа, С.Содончимэг нар хол тасархай түрүүлж, аваргаа хамгаалсан. Хөвгүүдээс О.Тэмүүжин хоёр жил дараалан түрүүлэв. Түүнтэй Б.Энх-Отгон тун ойрхон бариалсан билээ. Охидын ангилалд шилдэг тамирчин Ц.Ганболор чадал чансаагаа ч харууллаа. Элит, өсвөр үеийн тамирчид Аварга нуурын уснаа 750 метр сэлж, Хөдөө арлын замд 20 км дугуй жийж, эцэст нь таван км гүйж бариандаа оров. Орой нь амьд хөгжмийн тоглолт болж дуучин Б.Баярцэцэг, реппер Цэцэ, DJ Теnga, “Sketch” хамтлаг ая дуугаа өргөсөн. Тэмцээн зохион байгуулалт сайтай болж эмч, цагдаа, аврагч хамгаалагч нар өндөр түвшинд ажил¬-ласан. Мөн ариун цэврийн боловсон өрөө, хогийн сав, хоол ундны хувьд сонголт, үйлчилгээ сайн байлаа.
Нээлтэд Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Энэтхэгийн Элчин сайд Атул Малхари Готсурве, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч М.Анар болон Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын удирдлагууд оролцлоо.