
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Монгол орны бэлчээрийн ургамлын ургацыг цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, хуурайшлын индекст үндэслэн байгалийн бүс, бүслүүрээр тооцоолон гаргаснаа мэдээллээ. Нийт нутгийн 55 хувьд ургамлын гарц сайн, 40 хувьд нь дунд, үлдсэн таван хувьд муу байна. Тэгвэл наймдугаар сарын сүүлийн арав хоногт ойт хээрийн бүс нутгаар центнер/ гектар нь 6.6-28.5, хээрийн бүсэд 3.5-22.2, Алтайн уулархаг нутгаар 0.7-3.7, говийн бүс нутгаар 0.2-2.4 байх төлөвтэй.
Энэ жилийн бэлчээрийн ургамлын ургацыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Хэнтийн уулархаг нутаг болон хээрийн бүсээр их, харин Алтайн уулархаг нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудаар бага байгаа аж. Түүнчлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийнхний мэдээлснээр бэлчээрийн ургамлын хөнөөлт шавж болох царцааны тархалт Говь-Алтайн Халиун, Сүхбаатарын Баяндэлгэрт хэт олширсон буюу нэг ам метр талбайд 8-25, бусад аймаг, сумын нутгаар хэвийн тоологдсон байна. Төрлийн хувьд Сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагджээ.